Хятадад гэрлэлтийн тоо сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-03-19 10:02:15

БЭЭЖИН, 2024 оны гуравдугаар сарын 19 /BBC/. Хятадад шинээр гэр бүл бологсдын тоо сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаагаа өслөө. 2023 онд тус улсад 7.68 сая хүн гэрлэлтээ бүртгүүлсэн нь өмнөх оныхоос 12.4 хувиар нэмэгдсэн байна.


Хятадын Иргэний асуудал эрхэлсэн яамны мэдээлснээр, гэрлэлтийн тоо 2022 оныхтой харьцуулахад 845 мянгаар өсжээ. Ташрамд дурдахад, 2013 онд гэрлэгсдийн тоо 13.47 сая буюу түүхэн дээд түвшинд хүрч байв. Тус улсад төрөлт буурч байгааг зогсоохын тулд гэрлэлтийг дэмжих арга хэмжээ авч буй үед дээрх өсөлт ажиглагдлаа.


Хятад улс 1980-аад онд хүн амын өсөлтийг хязгаарлахын тулд нэг хүүхдийн бодлогыг хэрэгжүүлснээс хойш хэдэн арван жилийн турш төрөлт буурсаар байгаа бөгөөд хүн амыг өсгөхийн тулд 2015, 2021 онд уг бодлогод өөрчлөлт оруулсан юм.


Энэ сарын эхээр Хятадын Ерөнхий сайд Ли Цян хэлэхдээ “хүүхэд төрүүлэхэд ээлтэй нийгмийг бий болгож, хүн амын урт хугацааны, тэнцвэртэй хөгжлийг дэмжинэ гэж амлажээ. Мөн Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооноос гуравдугаар сард гаргасан тайланд, хүүхэд төрүүлэх, хүмүүжүүлэх, боловсролын зардлыг бууруулах замаар төрөлтийг нэмэгдүүлэх, хүүхэд асрахад чөлөө олгох зохицуулалтыг боловсронгуй болгох талаар дурдсан байна.


Төрөлт түүхэн доод түвшинд хүрснээр 2023 онд Хятадын хүн ам хоёр дахь жилдээ дараалан буурсан бол нас барагсдын тоо “Ковид-19” цар тахлын улмаас түүхэн дээд түвшинд хүрсэн юм. Түүнчлэн эдийн засгийн өсөлт саарч буй үед олон хүн ганц бие амьдралыг сонгох болжээ. Залуу эмэгтэйчүүдийн хувьд өмчлөлийн тухай хуулиуд шинэчлэгдсэнээр эрэгтэйчүүдийн өмчлөх эрхийг илүүд үздэг болсон гэх шалтгаанаар гэрлэхээс зайлсхийх болсон байна.


Үүний зэрэгцээ бодлого боловсруулагчид хүн ам хурдацтай хөгширч буй асуудлуудыг зохицуулахаар ажиллаж бөгөөд ойрын 10 жилд ойролцоогоор 300 сая хятад хүн тэтгэвэрт гарах төлөвтэй байгаа нь АНУ-ын хүн амтай бараг тэнцэхээр тоо юм.


Гэрлэлтийн түвшин нь төрөлттэй шууд хамааралтай байдаг тул гэрлэлт нэмэгдэх нь шинээр төрсөн хүүхдүүдийн тоо нэмэгдэхэд нөлөөлнө гэж зарим ажиглагч үзэж байна. Засгийн газар хүн амын тооны бууралтыг зогсоохын тулд 2015 онд нэг хүүхдийн бодлогоо цуцалсан бөгөөд залуусыг гэр бүлтэй болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор татаас, төлбөртэй холбоотой хэд хэдэн урамшууллыг бий болгожээ. Улмаар 2021 онд гэрлэгсэд гурав хүртэлх хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн байна.


Гэхдээ Хятад бол төрөлт ба хөгшрөлтийн асуудалтай тулгарч буй Азийн цорын ганц улс биш юм. Тухайлбал, Өмнөд Солонгост төрөлтийн түвшин дэлхийн улс орнуудтай харьцуулахад хамгийн доод түвшинд хүрээд байгаа бөгөөд 2100 он гэхэд хүн ам нь хоёр дахин буурах төлөвтэй байгаа бол Японд 2022 онд төрөлт 800 мянга болж, түүхэн доод түвшин рүү буурчээ. Түүнчлэн өнгөрсөн онд Хонконгийн засаг захиргаанаас төрөлт буурч байгаатай холбогдуулан шинээр төрсөн хүүхэд бүрд 20 мянган хонконг доллар олгоно хэмээн амласан байна.

 


Холбоотой мэдээ