ХОВД: "Эв нэгдэл спортоор манлайлъя" аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-21 16:49:23

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/ Монгол Улсад биеийн тамир спортын салбар үүссэний түүхт 100 жилийн ойн хүрээнд Ховд аймаг "Эв нэгдэл спортоор манлайлъя" аян хэрэгжүүлэхээр болжээ.

Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилготой энэхүү аяны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр төв талбайд өрнөв.
  

Ховд аймаг 2024 онд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлд 80 гаруй ажил, үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үүний нэг болох "Эв нэгдэл спортоор манлайлъя" аянд 55-60 мянган иргэнийг нэгтгэх урьдчилсан тооцоолол гарсан байна.  

Спорт нь хүний тэсвэр тэвчээрийн оргил, хүмүүжил боловсрол, ёс суртахуун, хүнлэг энэрэнгүй байдал, ухаарлыг өгч байдаг хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг юм. Иймээс Ховд аймгийн иргэдийг тус аянд идэвхтэй нэгдэхийг уриаллаа.  

Аяны үйл ажиллагаа арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд Ховд аймгийн хэмжээнд 44 спорт заал баасан гариг бүр 18.00-21.00 цагт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.

Энэхүү аяны үр дүнд Ховд аймгийн төв болон хөдөөгийн 16 суманд амьдарч буй иргэд, хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, эрүүл спортлог амьдралын хэв маягийг төлөвшүүлэх боломж өргөжинө гэж зохион байгуулагчид онцоллоо.    

Аяныг хэрэгжүүлэхэд тус аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ, Залуучуудын холбоо зэрэг байгууллагууд хамтран ажиллах юм. 

Холбоотой мэдээ