ЗАВХАН: Жил бүр тарьсан модыг арчилж ургуулах нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-21 14:22:26

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Завхан аймаг ойн сан бүхий газар нутаг, талбайн хэмжээгээрээ улсад зургаадугаарт ордог.


Монгол Улсын ойн сангийн хэмжээ 18.6 сая га, үүнээс Завхан аймгийн ойн сан 732 035 га, хамгаалалтын бүсийн ой 73 хувь, ашиглалтын бүсийн 27 хувийг эзэлдэг.


Монгол орны ойрхог чанар 8 хувь бол Завхан аймгийн ойрхог чанар 5,6 хувь юм. Ойн сангийн талбайн хэмжээгээр Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган аймгийн дараа ордог. 


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050", дунд хугацааны бодлогын баримт бичиг “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Төрөөс ойн талаар баримтлах бодлого” зэрэг баримт бичигт ойгоор бүрхэгдсэн талбайг 2025 онд нийт нутаг дэвсгэрийн 8.6 хувьд, 2030 онд 9 хувьд хүргэх зорилт тавьжээ.


Завхан аймаг дээрх зорилтуудтай уялдуулан жил бүр ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг тодорхой төлөвлөгөөний дагуу хийдэг. Өнгөрсөн жил гэхэд аймаг улсын болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр, 50 га газрыг ойжуулжээ. Харин ойн төгөл, ойн зурвасыг 9 га, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 27 га талбайд хийсэн байна. Ойн мэргэжлийн аж ахуйн нэгж байгууллага өөрийн хөрөнгөөр 18 га талбайд мод тарьжээ.




Мөн ойжуулалтыг жил бүр үр дүнтэй зохион байгуулж, шинээр тарьж ургуулж байгаа модны амьдралтын хувийг нэмэх, арчилгаа тордолгоог хийх нь чухал юм. Өнгөрсөн жил хийсэн ойжуулалтын ажил үр дүнтэй болж, модны амьдралт 80 гаруй хувьтай байна. 


Завхан аймгийн хувьд ойжуулалтын ажил болон “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд олон мод тарих нь чухал биш. Харин жил бүр шинээр тарьж байгаа модыг арчилж ургуулах нь чухал гэдгийг зөвлөж байна. Тухайлбал өнгөрсөн онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарихад 1743 иргэн, 193 аж ахуйн нэгж, байгууллага оролцож, аймгийн хэмжээнд 532 мянган мод тарьж, арчлан ургуулж байна. Эдгээр тарьсан модны амьдралт 85-90 хувьтай байна. 


Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зориудаар ойжуулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих замаар доройтсон ойг нөхөн сэргээх.

Ойжуулалтын ажлын үр дүн, чанарыг сайжруулж, мод тарьж ургуулахад мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 


Завхан аймаг 2023 онд зургаан сумын 95 га талбайд татмын ойжуулалт хийж 76000 ширхэг мод тарьжээ. Энэ жил үргэлжлүүлэн таван суманд татмын ойжуулалтыг хийхээр төлөвлөсөн гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ