ДУНДГОВЬ: Өлзийт сумын нутагт байх заган ой 32759 га талбайг хамардаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-22 11:06:54
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 22  /МОНЦАМЭ/. Монгол Улс 2015 оноос гуравдугаар сарын 21-нийг “Ойн өдөр” болгож, ойн ач холбогдлыг олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулдаг ба энэ жил тус өдрийг “Ой ба инновац: Илүү сайхан дэлхийн төлөөх шинэлэг шийдлүүд” уриан дор тэмдэглэж байна.


Ойн өдөртэй холдбогдуулан Дундговь аймгийн ойн нөөц, хамгаалалт, нөхөн сэргээх үйл явцын талаар мэдээлж байна.


Ойн нөөц: Говийн бүс нутаг цаг уурын хатуу ширүүн нөхцөлтэй тул ургамлын төрөл зүйл цөөн, заг болон модлог ургамал тачир сийрэг ургах тул ойн сангийн газрын төрөл цөөн байдаг. Тодруулбал, тус аймгийн Өлзийт сумын нутагт, Мандалговь хотоос 195 км зайд 32759 га талбай бүхий заган ой бий. Энэ нь Монгол Улсын ойн сан бүхий газарт хамаарч, тус ойн сангийн 20683 га талбай нь Загийн усны улсын тусгай хамгаалалттай газарт байрладаг.


Аймгийн БОАЖГ-ын мэдээлснээр 2007 онд “Ой хайгуул судалгааны төв”-ийн хийсэн судалгаагаар тус аймагт 58 мянган га талбай бүхий ойн сангийн нөөцтэй хэмээн тодорхойлж байсан бол 2015 онд “Денс форист” ХХК-ийн хийсэн судалгаагаар 32759 га талбай ойн сангийн нөөцтэй гэж тоолжээ. Ойн талбайн дүн нийтдээ 25255 га талбайгаар багасчээ.


Өлзийт сумын заган ойн сангийн нийт талбайгаас 51,4 хувь нь ойгоор бүрхэгдсэн 48,6 хувь нь бүрхэгдээгүй талбайтай. Ойгоор бүрхэгдсэн талбайн 99,64 хувийг байгалийн заган ой, 0,09 хувийг сөөг (сухай), 0.25 хувийг таримал заг эзэлдэг.


Сүүлийн жилүүдэд орох хур тунадасны хэмжээ багассанаас заган ой хатаж хуурайшин сийрэгжихийн зэрэгцээ загийн салмаа (мөчирнөөс салаалсан буурцаг) нь мал амьтны чухал тэжээлийн нэг болдог тул заган ойн нөхөн сэргэх явц удааширчээ.


Ойн нөөцийн хамгаалалт: “Өлзийт сумын Загийн усны байгалийн нөөц газар”-ыг УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор 273571 га талбайг улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд Заган ойн сангийн 20683 га талбай үүнд багтжээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу тус байгалийн нөөц газарт 2007 оноос байгаль хамгаалагч ажиллуулж байна.


Загийн усны байгалийн нөөц газар нь Загийн усны хоолой дагуух газрыг хамрах ба хоолой дагуудаа хужир мараа, шал тойром, заган ой, довцог, элсэн манхан хослон орших учраас ландшафтын олон хэв шинж бүхий экологийн өвөрмөц орчныг үүсгэдэг байна. Энэ нь монгол орны хар сүүлт зээрийн тархалтын хамгийн хойд, цагаан зээрийн тархалтын баруун хязгаар нутаг юм.


Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 2008 онд модлог, бутлаг /бут, шаваг, заг, загасгал/ ургамлыг хамгаалах, түлшинд хэрэглэхгүй байх тогтоолыг гарган мөрдөж байна.


Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт: Дундговь аймгийн БОАЖГ, Сум дундын ойн анги хамтран Заган ойг өргөжүүлэх, элсний нүүдлийг сааруулах зорилгоор Загийн усны хоолойд 2022 онд 150 ширхэг, 2023 онд 3 га талбайд 3000 ширхэг заг мод суулгасан байна.  


Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Дундговио ногооруулъя” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  төр, ТББ, ААН, иргэд хамтран мод тарих, ургуулах ажлыг эрчимжүүлэн ногоон байгууламж байгуулж байна.


2005-2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 12 суманд 177,4 га талбайд 97094 мод сөөг тарьж, 80,8 хувьтай, 2009-2020 онд 12 суманд 120 га талбайд 67630 ширхэг мод сөөг тарьсан нь 79,8 хувьтай ургажээ.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхийн тулд Дундговь аймаг 2030 он хүртэл 30 сая мод тарих амлалт авч, БОАЖЯ-тай гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу 2022 онд 122884, 2023 онд 100 гаруй мянган мод, сөөг тарьсан. Мандалговь хотод БНСУ-ын Гуяан хоттой байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу 10 жилийн хугацаанд 100 га талбайд 100 мянган мод тарьж, ойн зурвас байгуулах ажлыг хэрэгжүүлсэн нь ойн зурвас байгуулах томоохон ажлын эхлэл болсон гэж үздэг.


Тус аймгийн 15 суманд жил бүр Бүх нийтээр мод тарих өдрийг идэвхтэй зохион байгуулдаг ба 2010-2023 онд 24 удаагийн Бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулж, 400 гаруй мянган мод тарьсан байна.

Холбоотой мэдээ