Биржээр эхний ээлжинд зэсийн нийт баяжмалын 10 хувийг арилжина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-03-22 17:20:17

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж нүүрс, төмрийн хүдрийн баяжмалаас гадна зэсийн баяжмалыг цахимаар арилжихаар болж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зэсийн баяжмалын туршилтын арилжааг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд Хөрөнгийн биржийн арилжаа, бүртгэлийн газраас зэсийн баяжмалын худалдан авагч нарт зориулж өнөөдөр англи, хятад хэлээр цахим сургалт зохион байгууллаа.

Сургалтаар худалдан авагчдад арилжаанд хэрхэн оролцох тухай заавар, Дэмо системийн арилжааг танилцууллаа.

Засгийн газраас эхний ээлжинд Монгол Улсын үйлдвэрлэж, экспортолж буй зэсийн нийт баяжмалын 10 хувийг биржээр арилжих бодлого баримталж байна. Энэ үүднээс УУХҮЯ-наас бэлтгэл ажлыг ханган холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгааг мэдээллээ.


Энэ хүрээнд мөн энэ оны гуравдугаар сарын 18-нд “Зэсийн баяжмалын биржийн арилжаа” сэдэвт хэлэлцүүлгийг худалдагч, худалдан авагч талуудын оролцоотойгоор танхимаар болон онлайнаар зохион байгуулж, арилжааны зарчим болон гэрээний нөхцөлийн талаар мэдээлж, санал солилцсон юм. Хэлэлцүүлэгт БНХАУ, БНСУ, Вьетнам, Сингапур, Хонгконг, ОХУ, Швейцар, АНУ, Канад, Энэтхэг, Австрали, Англи, Турк зэрэг улсын, мөн дотоодын ААН-үүдийн нийт 200 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Монгол Улс 56.5 сая тонн зэс металлын баталгаат нөөцтэй юм. 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргасан. Цаашид Оюу толгой төслийн далд уурхай бүрэн хүчин чадалдаа хүрч, Цагаан суваргын ордыг ашиглах төсөл хэрэгжсэнээр 2025 оноос 1.9 сая тонн зэсийн баяжмалыг үйлдвэрлэх боломж бүрдэх аж.

Холбоотой мэдээ