ДОРНОГОВЬ: Урт наслуулахын ерөөлт бурхан Цагаан Дарь эх

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-03-25 11:58:10

Сайншанд, 2024 оны гуравдугаар сарын 25  /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн түүхийн гайхамшигт газруудын талаар цувралаар хүргэж байна. Энэ удаа Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байх Цагаан дарь эх хэмээх хадны бурхныг онцлов.


Даланжаргалан сум бол боржгин нутгийн өв соёлыг өдий болтол хадгалж ирсэн онцлогтой нутаг юм. Тус сумын нутагт байсан боржгин нутгийн зүүн жанжин Чойрын хийдийн цогчин дуганын урд талд холгүй гол дуганы үүд голлуулан урласан Цагаан дарь эх хэмээх хадны бурхан олон жилийн турш сэвтээгүй ур ухааны цогцолбор болон гэрэлтсээр байгаа юм.


Нар тоссон хүрэн хадан байцсын ард хаднаас ургуулсан долоон тохой хагас өндөр талбайд товойлгон сийлсэн нь түүнийг урлан бүтээсэн хүний сүсэглэх дотоод сэтгэлгээний ур чадвар хэчнээн өндөр түвшинд байсныг илтгэх билээ.


XIX зууны эхэн үе 1820-иод онд бүтээсэн сүрлэг сайхан бүтээлийг нутгийн настан буурлууд үе дамжин домог болгон дуурссаар иржээ. Түүх сөхөхөд, 1828 онд Зүүн Чойрын хийдийн орчимд хижиг өвчин дэлгэрч олон хүний аминд хүрсэн тул өвчнийг дарах арга хайсан нутгийн ардууд урт наслуулахын ерөөлт бурхан Цагаан Дарь эхийг Чойр дацангийн дуганы гол хаалга чиглүүлж уран бурханчаар бүтээлгэвэл өвчин үгүй болно гэжээ.


Ингээд уул хадаар хэрэн хэсэж бурхан бүтээж явдаг нэгэн бурханч ламыг залж энэхүү бурхныг хийдийн гол дуганыг чиглэн байрлах боржин хадан дээр бүтээлгэсэнд халуун хижиг өвчин дарагдсан гэдэг. 

Холбоотой мэдээ