Хувьцаа эзэмшигчдийг хуралдаа оролцож байхыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-02 13:52:46

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Арилжааны банкуудаас системийн нөлөө бүхий 5 банк хувьчлагдаж олон нийтийн, нээлттэй хувьцаат компани болоод хоёр жил боллоо.

Хувьчлагдсан банкууд жижиг хувьцаа эзэмшигчдээс эхлээд цаашид юунд анхаарах талаар өнөөдөр Монголбанканд болсон “Банкны хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэг” сэдэвт уулзалтаар хэлэлцэв.


Монголбанк, Монголын Банкны холбоо, Компанийн засаглалын мэргэжлийн зөвлөл хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлгийн талаар Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Н.Батжингаас тодруулав. 


-Өнөөдрийн уулзалтаар хувьчлагдсан банкууд жижиг хувьцаа эзэмшигчдээс эхлээд цаашид юунд анхаарахаар байна вэ?

-Жижиг, том гэлтгүй хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг нэгдүгээрт тавигдах чухал асуудал. Банк гэдэг хадгаламж, харилцагчдын мөнгийг татдаг. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргаснаар хувьцаа эзэмшигчдээс гээд хоёр талаас хөрөнгө татна гэдэг засаглалаа илүү сайжруулах хэрэгтэй болж байгаа юм. Энэ талаар өнөөдөр хэлэлцлээ.


-Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчих байдал хэр гарч байна. Тэдний эрхийг хэрхэн хангах вэ?

-Жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд өнөөдрийн байдлаар тийм зөрчил маргаан бүхий том асуудал байхгүй байна. Гэхдээ өмнө нь ААН-үүд дээр гарч байсан том хувьцаа эзэмшигч нар хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийн хурлаараа үгсэж хуйвалдан өөрсдөдөө давуу эрх бий болгож түүнийгээ ашиглан жижиг хувьцаа эзэмшигч нараа хохироох байдлыг давтахгүй байх нь чухал юм.

Компаниуд алдагдалтай шийдвэр гаргадаг. Ногдол ашгаа тараах боломж байхад хуваарилахгүй байх, хөрөнгө оруулахын оронд хөрөнгөө хувааж авдаг зэрэг байдал гарч байсан. Энэ бүхэн засаглалын алдаатай бодлоготой холбоотой гарч байсан байх. Тиймээс өнөөдөр Компанийн засаглалын талаар мэргэжилтнүүд банкны төлөөлөлд зөвлөсөн. Дээрх байдал банкууд дээр гарахгүй байгаа.


-Тэгвэл банкууд дээр юу анхаарах хэрэгтэй вэ?

-Жижиг, том гэлтгүй хувьцаа эзэмшигчдийн хувьд оруулсан мөнгө, хувьцаагаа яаж эргэлтэд оруулах гэдэг асуудал өнөөдөр тулгарч байна. Манай зах зээл жижиг, багтаамж бага учир хувьцаа худалдан авах, дотоодоосоо хөрөнгө оруулах чадвар тааруу. Уг нь хөрөнгө оруулах, хувьцаагаа эргэлдүүлэх сонирхол байгаа. Тиймээс энд хөрөнгө оруулагчдын идэвхийг сайжруулах зохицуулалт дутагдаж байна. Гадаадын хөрөнгө оруулалт үгүйлэгдэж буй талаар өнөөдөр хөндлөө.


-Жижиг хувьцаа эзэмшигч нар мэдээлэлгүйгээс хохирох байдал ажиглагддаг. Энэ талаар өөрсдөө ч ярьж байна. Гэтэл банкууд IPO хийж гарснаар үйл ажиллагаанаас эхлээд бүх зүйл олон нийтэд ил тод, нээлттэй байх зарчимтай. Энд хаана, юунаас болж мэдээлэл дутагдаад байна вэ?

-Мэдээллийн ил тод байдал дээр тийм том асуудал байхгүй ч гэсэн зөрүүтэй ойлголт гарч байна. Зарим ХК мэдээллээ хүртээмжтэй хүргэхгүй байна. Хоёр компани өрсөлдлөө гэхэд мэдээлэл сайн түгээсэн нь ялж, мэдээллийн зөрүүтэй байдлын ялгаа нь гарч ирдэг. Тиймээс мэдээлэл тэгш байх ёстой. Нөгөө талаар хувьцаа эзэмшигч хэн ч бай мэдээлэл авах бүрэн эрхтэй. Шаардаад авах ч эрхтэй. Харин компани мэдээллээ өгөх ёс зүйн үүрэгтэй.


Ингэхдээ мэдлэг, мэдээллийн ойлгомжгүй байдлаас болоод хувьцаа эзэмшигч нарт, тэдэнд хэрэг болгохгүй дотоод мэдээллээ өгдөг бас буруу хандлага гаргахыг үгүйсгэхгүй.

Энд юуны өмнө жижиг хувьцаа эзэмшигчдийг хувьцаа эзэмшигчдийн хуралдаа суухыг зөвлөж байна. Сууснаар илүү их мэдээлэлтэй болно. Эрх, үүргээ мэддэг, хэрэгжүүлдэг болно. Хуралдаа суухгүй байж эрх ашиг яриад, шаардаад байвал бас учир дутагдалтай. Энэ нь бас нөгөө талаар мэдээллийн дутмаг байдалтай холбоотой юм.

Холбоотой мэдээ