Олон улсын “Bootcamp” эрчимт сургалт Монгол Улсад нэвтэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-02 16:10:08

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Олон улсад эрчээ аван дэлгэрч буй “Bootcamp” эрчимт сургалтад Монгол Улсаас 30 залуу судлаач, энтрепрёнер хамрагдаад байна.


Тодруулбал, олон улсын уг сургалтын сонгон шалгаруулалтад манай улсаас их, дээд сургуулийн сургалтын 4 байгууллага, эрдэм шинжилгээний 5 хүрээлэн, шинжлэх ухааны 2 парк, Нийслэлийн инновац бодлогын газраас нэг, хувийн хэвшлээс 2, нийт 14 байгууллагын 50 гаруй судлаач, суралцагчид оролцжээ. Эдгээрээс дээр дурдсан 30 залуу сонгогдсон талаар өнөөдөр МУИС-д болсон “Bootcamp” эрчимт сургалтын талаарх хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ.


“Bootcamp” нь шинжлэх ухааны мэдлэг, шинэ технологи, инновацыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой сургалт гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Ялангуяа салбар дундын практик мэдлэгийг богино хугацаанд заадаг аж. Сургалтын зорилго байгаль, инженер, технологи, нийгэм, хүмүүнлэгийн салбарын судлаач, залуу энтрепрёнерүүд, их, дээд сургуулийн багш, ахисан түвшний суралцагчдыг чадавхжуулах, ялангуяа мэргэжилтнүүд мэдлэг солилцох, хамтран инновац бүтээх арга замд суралцах, гарааны компани байгуулах, өөрсдийн шинэ, шилдэг санааг бодит ажил болгохол чиглэж буйг салбарын сайд онцоллоо.



Тус сургалтын “UNESCO Science-Engineering Entrepreneurship Bootcamp in Mongolia 2024” Монгол Улс дахь анхны сургалтыг ЮНЕСКО, БШУЯ, МУИС, МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк хамтран энэ оны дөрөвдүгээр сарын 1-5 нд Улаанбаатар хотноо МУИС дээр зохион байгуулж байна.


“Bootcamp” эрчимт сургалт нь дэлхийн 10 гаруй оронд амжилттай зохион байгуулагдаж нийт 106 судлаач, инженер, энтрепрёнерууд хамрагджээ.


“’UNESCO Science-Engineering Entrepreneurship Bootcamp in Mongolia 2024” эрчимт сургалтын үр дүнд суралцагч нар багт хуваарилагдан богино хугацаанд өөрсдийн бизнесийн загвар боловсруулан, гарааны бизнесийг эхлүүлэх, санхүүжилтийг тооцоолох, гарааны бизнест зориулсан хууль эрх зүйн гэрээ, хэлэлцээр хийх, хэлэлцээрийн элементүүдэд суралцана. Үүний зэрэгцээ өөрсдийн төслөөр хөрөнгө оруулагчдыг татахад суралцах юм. Мөн  Монголын болон хөрш орны, хоёрдогч гуравдагч хөрш орнуудын лаборатори, нанотехнологийн бүтээгдэхүүнийг виртуалиар үзэж танилцана.


Манай улсад шинжлэх ухааны хөгжил, түүнийг хэрэглээний эргэлтэнд оруулахад их, сургуулиуд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Зөвхөн МУИС-д 50 гаруй патент, зохиогчийн эрх, ашигтай загварын зэрэг хэдэн зуун оюуны өмч байгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс төр-их сургууль-үйлдвэрлэл бизнесийн уялдаа холбоог тогтвортой бэхжүүлэх зорилго бүхий их сургуулийн дэргэдэх анхны шинжлэх ухааны парк болох МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар парк 2023 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Холбоотой мэдээ