ХӨВСГӨЛ: “Шинэ санаа - шинэ мэдлэг” эрдэм шинжилгээний бага хуралд 50 гаруй эмч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-11 20:13:32

Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт эрүүл мэндийн салбарын ололт амжилт, бэрхшээл, тулгамдсан асуудлыг хэлэлцэхээр жил бүр зохион байгуулдаг хүний их эмч Х.Цэнд-Аюушийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал “Шинэ санаа - шинэ мэдлэг” сэдвийн хүрээнд эхэллээ.


Тус хуралд эрүүл мэндийн салбарт ажилладаг 50 гаруй эмч оролцож байна.



 

“Хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн шууд үр дүн эмнэлэг, эмнэлгийн ажилтны тоогоор биш, үзүүлж байгаа тусламжийн чанар, эмчийн мэдлэг боловсролоос шууд хамаардаг.


Эмч хүн мэдлэг чадвараа байнга дээшлүүлэхээс гадна хийж байгаа ажилдаа судалгаатай ханддаг байх нь амжилтын үндэс болдог гэж үздэг.


Энэ үүднээс эмч нарын дундаас анагаах ухааны салбар дахь ололт амжилтын олон эзэд төрөөсэй гэсэн зорилгоор аавынхаа нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурлыг 10 дахь жилдээ зохион байгуулж байна” гэдгийг их эмч Х.Цэнд-Аюушийн хүү Ц.Цэцэнзориг хэллээ.


Хүний их эмч Х.Цэнд-Аюуш нь 1954 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн. 1989 онд хүний их эмчийн мэргэжил эзэмшиж ажлынхаа гарааг Ханх сумаас эхэлжээ.


Аймгийн Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга, хүүхдийн сэхээн амьдруулах эмчилгээний тасгийг үүсгэн байгуулж эрхлэгч болон дотор, мэс заслын тасагт эмчээр ажиллаж байжээ.

 

Холбоотой мэдээ