Тайсон Фьюри их спортоос явж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-10-05 14:31:43

ЛОНДОН./BBC/. Мэргэжлийн боксын хүнд жингийн аварга Тайсон Фьюри өөрийн “твиттер” хуудсандаа их спортыг орхиж байгаагаа дурдсан байна. Өнгөрсөн долоо хоногт түүний цусанд кокаин илэрсэн тухай хэвлэлүүд бичиж байсан юм.

“Бокс бол хамгийн уйтгартай зүйл, би хамгийн агуу нь болж чадсан, би явлаа” хэмээн Британийн боксчин бичээд элдэв янзын хараалын үг нэмсэн байна.  

Фьюри энэ сарын 29-нд Владимир Кличкотой хийх ёстой байсан даагаа нэхэх тулаанаас татгалзсан юм. Энэ тулааны шагнал нь Фьюригийн хувьд амьдралдаа авч байгаагүй их мөнгө байжээ.

Өнгөрсөн долоо хоногт спортын ESPN суваг сэргээштэй тэмцэх VADA /WADA-гаас өөр байгууллага/ гэдэг байгууллагын мэдээллээс иш татахдаа, Фьюригийн цусанд кокаин илэрснийг дурдаж байсан юм. Үүний хариуд Фьюри твиттер хуудсандаа “Сорвитой царай” киноны гол дүр болох Тони Монтана бичгийн ширээн дээрээ кокаин асган сууж байгааг дууриан өөрийнхөө зургуудаар эвлүүлэг хийн байрлуулжээ.

Түүнээс гадна, энэ оны зургадугаар срад Фьюригийн шээснээс хориотой бодисууд илэрснийг Их Британийн UKad сэргээшийн эсрэг агентлаг мэдэгдсэн юм.

Энэ бүхэнтэй холбогдуулан Дэлхийн боксын холбооноос Фьюрид 10 хоногийн хугацаа өгч, Кличкотой хийх байсан тулаанаас ямар шалтгаанаар татгалзсанаа тайлбарлахыг шаарджээ.

Х.Сарнай

 

 

 

 

Холбоотой мэдээ