Цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн дүгнэлт гаргах журмыг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-05 21:05:30

Энэ жилийн 2-р ээлжийн цэрэг татлагыг орон нутгийн сонгуулийн санал хураалт явагдсаны маргаашаас эхлэн 11 дүгээр сарын 1 хүртэлх хугацаанд зохион байгуулна. Энэ ээлжээс эхлэн цэрэг татлагад “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах” шинэчилсэн журмыг мөрдөнө. Энэ журмыг мөрдөхтэй холбогдуулан Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам хамтран Мандалговь хотод өнөөдөр зохион байгууллаа.

Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын батлан хамгаалах, Хууль зүй, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан тушаалаар дээрхи журмыг шинэчлэн баталж, зургадугаар сарын нэгнээс мөрдөж эхэлсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өвчний ангилалыг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан шинээр зонхилон тохиолдож буй өвчин эмгэгтэй холбоотой заалтуудыг энэхүү журамд оруулсан ажээ. Цэргийн жинхэнэ албанд татагдагч болон гэрээгээр цэргийн алба хаах хүсэлт гаргасан иргэн, офицер, ахлагч, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагч, Цэргийн академи, их, дээд сургууль, коллеж, дамжаанд элсэх, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн байдалд дүгнэлт хэрхэн гаргахыг энэхүү журмаар зохицуулна.

Цэргийн албанд татагдах 18- 25 насны залуучуудын 38 орчим хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанд тэнцдэггүй гэх судалгаа сүүлийн таван жилийн байдлаар гарсан байна. Тиймээс залуусыг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэх, эрүүлжүүлэх ажлыг аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цэргийн штаб,  Зэвсэгт хүчин, хил хамгаалах газрын харъяа цэргийн ангиудын хамтын оролцоотойгоор зохион байгуулж, эрүүл мэндийн шалтгаантай залуусыг Нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад эрүүлжүүлээд дараагийн удаад цэргийн жинхэнэ албанд тэнцүүлнэ.

Өнөөдрийн сургалтад Дундговь аймгаас гадна Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь аймгийн цэрэг татлагын комиссын бүрэлдэхүүн хамрагдаж, дээрх шинэчилсэн журамтай танилцан, 2- р ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулахтай холбоотой мэдээлэл авав.

Т. Отгонтуяа           

 

Холбоотой мэдээ