“Хархорин” нарны цахилгаан станцын шав тавих ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-10-05 22:43:17

Өвөрхангай аймгийн Хархорин суманд 30 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станцын шав тавих еслол 10 сарын 3-ны өдөр боллоо.

Аймгийн удирдлагууд өнгөрсөн 5 сард гадны хөрөнгө оруулалтай компаниуд руу хандан нарны цахилгаан станц барьж өгөх хүсэлтийг тавьсны дагуу Унгар улсын “First gobi solar” компани тэрхүү хүсэлтийг хүлээн авч, 50 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. Барилга, байгууламжийн хамт 50 га талбайд байгуулах уг ажлыг Тайж групп 1,2 жилийн хугацаанд гүйцэтгэнэ.

“Хархорин” нарны цахилгаан станцыг Герман технологиор чанартай барина гэдгийг хөрөнгө оруулагч болон гүйцэтгэгч талууд хэлж байгаа ба орон нутагт ажлын байр нэмэгдэх, аялал жуулчлал хөгжих, улсын эрчим хүчний салбарт томоохон нөөц боломж бүрдүүлэх ач холбогдолтой гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байв.

Хархорин сумын нутаг дэвсгэр Орхоны хөндий нь Монгол Улсын аялал жуулчлалын томоохон бүс учраас нарны цахилгаан станцыг байгуулах нь зөв хэмээн үзэж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа 10 жил хэмээн тооцож байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ