Алеппогийн зургийг хиймэл дагуулаас авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-06 12:31:16

НҮБ. /Kyodo/. Дайн тулааны хөлд нэрвэгдсээр буй Сирийн хойд нутгийн Алеппо хот дахь нөхцөл байдлыг харуулсан хиймэл дагуулын зургуудыг НҮБ олон нийтэд үзүүллээ. Уг зургуудыг харвал, тус хотын байшин барилгууд, сургуулиуд агаарын цохилтод өртөн эвдэрч сүйдсэн байна.

Алеппо болон хот орчмын долоон байршлын зургийг хиймэл дагуулаас авсныг НҮБ-ын Сургалт, судалгааны хүрээлэн болон бусад агентлагууд өчигдөр үзүүллээ.

Сирийн засгийн газар болон сөрөг хүчнийхэн гал зогсоож эхэлсний дараа буюу өнгөрсөн сарын дундуур, мөн энэ сарын эхээр эдгээр зургийг авсан аж.

Алеппо хотын зүүн хэсэгт энгийн номхон иргэд оршин суудаг бүсэд хэд хэдэн байшин барилга бүрэн нурсан нь нэгэн зурагнаас харагдаж байна. Уг зургийг Сирийн арми агаараас цохилт өгөх ажиллагааг үргэлжлүүлсний дараа авчээ.

Мөн тус хотын гол зам дээр агаарын цохилтын улмаас томоохон тогоо үүсч, сургууль болон төрийн байгууллагын барилгууд нэлээд эвдрэн нурсан нь бусад зурагнаас харагдаж байна.

Сирид энх тайван байдлыг тогтоох хүчин чармайлт гацаанд ороод байна. Вашингтон даваа гарагт мэдэгдэхдээ “Москва хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхгүй байгаа учир Сирид гал зогсоох тохиролцоог сэргээх асуудлаар ОХУ-тай хэлэлцээ хийхээс АНУ түдгэлзэж байна” гэсэн билээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ