ДАРХАН-УУЛ: Зулзагын голын нарсан ойг тэлж ойжуулах ажил үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд аймгийн ойн санг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Энэ дагуу Зулзагын голын нарсан ойг тэлж ойжуулахаар 2022 оноос мод тарьж эхэлжээ.
Өнгөрсөн жил ойн мэргэжлийн анги "Домогт Шарын гол" ХХК 4.8 га талбайд 5000 нарс мод тарьж, хашаажуулсан байна. Харин энэ жил "Ойн хайгуул" ХХК 26 га талбайг хашаажуулж 3.5 га талбайд 1374 нарс тарьжээ. Зулзагын голыг нэмж ойжуулах ажлын төлөвлөгөө 80 орчим хувийн биелэлттэй байна.
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төсвөөр тарьж, ургуулж буй уг ажлын явцтай аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга П.Батсүх, БОАЖГ-ын дарга Г.Батбаяр болон ойн мэргэжилтнүүд танилцлаа.
Тарьсан модоо сайн
ургуулахын тулд тогтмол усалж, арчлан хамгаалах ажлыг чанаржуулахыг ойн
мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.
Эдгээр
ойн мэргэжлийн анги гурван жилийн хугацаанд арчлалт, хамгаалалтыг хариуцан
ажиллах юм.
Түүнчлэн "Батбадрах дэлгэр" ХХК 22.5 га талбайд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хийж гүйцэтгэх, дүйцүүлэн хамгаалах зардлаар 800 нарс тарьж, арчилгаа хамгаалалтын ажлыг хариуцан гүйцэтгэж байна.
2024 онд аймгийн хэмжээнд 84 мянган мод тарих урьдчилсан судалгаа гарсан бөгөөд намрын тариалан эхлэх үеэр нэмэгдэх хандлагатай гэж аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн У.Мөнхзул мэдээллээ.
Энэ онд "Домогт Шарын гол" ХХК 2200 нарс, гацуур, шинэс, хайлаас зэрэг навчит модыг 339.630.000 төгрөгөөр тарих бол "Батбадрах дэлгэр" ХХК 2024-2026 онд 22.5 га талбайд 9026 нарс модыг 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр тарина.
Цаашид хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна ойн санг тэлэх ажил жил бүр үргэлжлэх бөгөөд уг ажлыг ойн мэргэжлийн ангиуд гүйцэтгэнэ.