“Дуудлага” анхдугаар уралдаанд 770 эмч, мэргэжилтэн ур чадвараа сорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-05-19 12:53:28

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Яаралтай тусламжийн нийгэмлэг хамтран “Дуудлага” ур чадварын анхдугаар уралдааныг зохион байгууллаа.


Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, эмч, сувилагч нарын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус уралдааныг нийт гурван үе шаттай зохион байгуулж, нийслэлийн анхан шатны 154 эрүүл мэндийн байгууллагын 770 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцов.


Хоёр сарын хугацаанд үргэлжилсэн тус уралдааны сүүлийн шатанд шалгарсан 7 баг шилдгүүдээ өнөөдөр шалгарууллаа.


Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган хэлэхдээ, “Уралдаан гэж нэрлэгдэж байгаа хэдий ч анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд бие биеэсээ суралцах чухал ач холбогдолтой ажил болж байна. Анх удаа зохион байгуулж байгаа энэхүү уралдаанд нийслэлийн анхан шатны эрүүл мэндийн байгууллага идэвхтэй оролцож, ур чадвараараа өрсөлдөж байгаад баяртай баяртай байна" гэв. 


“Жаргалант тосгон” ӨЭМТ-ийн ээлжийн сувилагч Ө.Энхбилэг, “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон ӨЭМТ-өөс энэ уралдаанд оролцож шилдэг 7 багийн нэгээр шалгараад байгаадаа баяртай байна. Бид энэ удаагийн уралдаанд хоёр эмч, гурван сувилагчийн хамтаар баг болж оролцсон. Уралдаанд оролцож байх хугацаандаа бусад өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдээс туршлага солилцож, их зүйлийг суралцлаа. Энэ уралдаан бидний хувьд мэдлэг ойлголтоо нэмэгдүүлсэн үр дүнтэй уралдаан боллоо" гэв. 



Холбоотой мэдээ