3х3-ынхан сүүлчийн боломжоо алдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Унгарын Дебрецен хотод болж өндөрлөлөө.
Манай улсаас эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдсөн ч олимпын эрхээ авч чадсангүй. Эмэгтэйчүүдийн шигшээ баг хэсэгтээ нэг хожиж, хоёр хожигдсоноор тэмцээнээ дуусгасан. Тэгвэл эрэгтэйчүүд Япон, Бельги, Польшийг хожсоноор хэсгээ тэргүүлэв. Улмаар шөвгийн наймд Израйлын хүчтэй багийг 20:18-аар хожлоо.
Гэхдээ тоглолт дуусахаас нэг минутын өмнө “Харваач” хочит А.Ананд өрсөлдөгч багийнхаа тоглогчийг мөргөснөөр талбайгаас хөөгдсөн. Хөөгөөд зогсохгүй түүнийг хоёр тоглолт өнжих шийтгэлээр шийтгэлээ. Энэ нь манай багт хүнд цохилт болов. Ингээд хагас шигшээд Францтай тоглоход 21:20-оор ялагдав. Харин олимпын гурав дахь эрхийн төлөө Польштой тоглосон ч нэмэлт цагт 22:20-оор ялагдсанаар эрхээ авч чадсангүй.
Ийнхүү Монголын эрэгтэй, эмэгтэй баг олимпод оролцохын тулд дахин дөрвөн жил хүлээх болж байна.
Тоглолтын дараа
Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Батцэцэнгэл хариуцлагаа хүлээж,
ажлаа өгөхөө мэдэгдэв. Тэрбээр “Дүрэм журам, ёс зүйн зарчмыг тамирчдадаа
ойлгуулан, хэвшүүлэх нь бидний үүрэг юм. Олимпын эрхийг авч чадаагүйн
хариуцлагыг миний бие дангаараа бүрэн хариуцаж Монголын сагсан бөмбөгийн
холбооны (МСБХ) ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах болно.
МСБХ-ны дүрмийн дагуу эрх бүхий дэд ерөнхийлөгч холбооны цаашдын ажлыг Удирдах
зөвлөл, ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албаны хамт хариуцан ажиллана.
Өнөөдрийг хүртэл хөгжлийн төлөө хамтран ажилласан хамт олон, хөгжөөн
дэмжигчиддээ баярлалаа Монгол Улс үүрд мандан бадраг” гэлээ.