"Учиртай гурван толгой" дуурийн гол дүрүүдийг шалгаруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд ирэх долоодугаар сарын 10-ны 21.00 цагаас тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно.
Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд уг дуурийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар толилуулах юм.
Дуурийн гол дүрүүдийг өнөөдөр шалгаруулна. Шалгаруулалтад 30 орчим уран бүтээлч бүртгүүлжээ. Дуурийн Юндэн, Балган, Нансалмаа, Хоролмаа, Худалдаачин, Бүүвэйч нарын дүрд тоглох уран бүтээлчдийг шалгаруулж, гол дүрд тоглох эрх олгохын зэрэгцээ нийт 100 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнах юм.