Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-05-26 09:13:21

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны баасан гарагийн хуралдаанаар Байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, шийдэв.


Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хороо Ёс зүйн хорооны дүрэмд өөрчлөлт оруулах саналыг энэ сарын 17-нд ирүүлсэн тул тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг хэлэлцэхээр товложээ. Байнгын хорооны тогтоолын төслийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс танилцуулахдаа, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 онд батлан мөрдөж эхэлсэн. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан бүх түвшний төрийн байгууллага, албан хаагчид олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Ёс зүйн хорооны дарга, гишүүд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сурталчилгаа, сургалтыг 21 аймагт зохион байгуулж, 14 392 албан хаагч хамрагдсан. Ёс зүйн хороо мөрдөж буй дүрэм, журам, зарим эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага үүссэн тул дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг танилцуулж байна” гэсэн юм.



Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн Ёс зүйн хорооны үйл ажиллагааны бодлогыг тодорхойлж, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хянах, төрийн албаны шинэтгэлийн бодлого, үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг баталж, жил бүр төлөвлөгөө гаргах, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс сэргийлэх, соён гэгээрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэх, сургалт, судалгаа, шинжилгээний байгууллагыг оролцуулах, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх гомдол, мэдээллийг хянан шийдэж, дүгнэлт гаргахаас гадна бүрэн эрхээ хэрэгжүүлэх,  тогтоол, албан даалгавар, зөвлөмж гаргах зэрэг зохицуулалтыг нэмэх санал тусгажээ. Түүнчлэн Ёс зүйн хорооны гишүүдийн бие даан хараат бус ажиллах нөхцөл, аюулгүй байдал, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, ёс зүйн асуудал гаргасан албан хаагчдад хариуцлага хүлээлгэсэн байдлыг хянах, цахим мэдээллийн сан хөгжүүлж нийтэд мэдээлэх талаар дүрэмд нэмж тусгахыг төслийн саналд оруулсан байв.


Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны тогтоолоор баталсан Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь дэмжиж, тогтоолын төслийг баталсныг УИХ-ын ХМОНХГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ