Ричардас Шлепавичиус: Хамтын ажиллагааны шийдэлд Литва улс нээлттэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-28 11:56:27

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Монгол, Литва хоёр улс олон салбарт, өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой. Хамтын ажиллагааны глобал шийдлийг хамтран эрэлхийлэхэд Литва улс нээлттэй” хэмээн Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ричардас Шлепавичиус Монголын бизнесийн төлөөлөлтэй уулзах үеэр онцоллоо.


Тэрбээр Литва улсын эдийн засаг, бизнесийн салбарын талаар дэлгэрэнгүй танилцуулж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов.  


Литва Улс Монгол Улсад газрын тос, химийн бүтээгдэхүүн нийлүүлж байна. Монгол Улс тус улсад ноос, ноолууран бараа, бүтээгдэхүүн экспортолдог. Литва нь Монгол Улсын Европын Холбооны орнуудын зах зээлд нэвтрэх бас нэг гарц юм хэмээн тодорхойлж байна.


Тус улс газар нутгийн хэмжээгээр Монгол Улсаас хэд дахин жижиг ч хүн амын хувьд тун ойролцоо буюу 2.8 сая иргэнтэй. Өнгөрсөн жилийн дүнгээр тус улсын нэг хүнд ногдох ДНБ 25 мянган евро байна. Түүнчлэн дотоодын зах зээл төдийлөн том биш учир гадны түнш, хөрөнгө оруулалтын боломжийг түлхүү ашигладаг тухай Элчин сайд танилцууллаа.

Литва улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжихэд ихээхэн анхаардаг бөгөөд хөрөнгө оруулалтын төслийн 20 хувийг АНУ, 13 хувийг Их Британи эзэлж байна. Сүүлийн 10 жилд тус улс үйлдвэрлэлээс гадна IT-ийн салбар хөрөнгө оруулалтыг ихээхэн татаж байгааг Элчин сайд онцоллоо. Тиймээс тус улс IT, ICT гэсэн “ухаалаг салбар”-т чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ.


МҮХАҮТ-ын тэргүүн Д.Энхтүвшин Элчин сайдтай уулзах үеэр Монгол Улс Бүгд Найрамдах Литва Улстай эдийн засаг, худалдааны олон салбарт хамтран ажиллах боломж байгааг хэллээ. Хоёр улсын худалдаа, бизнесийн эргэлтийг нэмэгдүүлэх, бизнес форум, салбарын төлөөллийн уулзалтыг Литва улсад зохион байгуулахаар болсныг Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ