Хятадын эдийн засгийн өсөлтийн талаарх төсөөллөө ОУВС ахиулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-05-29 10:52:33

БЭЭЖИН, 2024 оны тавдугаар сарын 29 /CNBC/. Олон улсын валютын сан /ОУВС/ эхний улирлын "хүчтэй" үзүүлэлтүүд, түүнчлэн сүүлийн үеийн бодлогын арга хэмжээнүүдийг харгалзан Хятадын эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллийг 4.6 хувиас 5 хувьд хүргэн ахиуллаа.  


ОУВС-гийн шинжээчид тогтмол үнэлгээ хийхээр Хятадад айлчилсныхаа дараа дээрх шийдвэрийг гаргажээ. Тус байгууллага мөн Хятадын эдийн засгийг 2025 онд 4.1 хувиар өснө гэж өмнө нь таамаглаж байсан бол одоо 4.5 хувь болгож нэмэгдүүлсэн байна.


Гэвч 2029 он гэхэд Хятадын хүн ам хөгширч, бүтээмжийн өсөлт саарах тул эдийн засгийн өсөлт 3.3 хувь болж буурна гэж таамаглаж байна. Энэ нь дунд хугацаанд 3.5 хувиар өснө гэж таамаглаж байсан ОУВС-гийн өмнөх төсөөллөөс доогуур үзүүлэлт юм.


Хятадын эдийн засаг энэ оны эхний улиралд 5.3 хувиар буюу төсөөлж байснаас их хувиар өссөн бөгөөд үүнд экспорт ихээхэн нөлөөлсөн байна. Түүнчлэн дөрөвдүгээр сарын статистик мэдээллээр хэрэглээний зардал сул хэвээр байгаа бол аж үйлдвэрийн салбарын идэвхжил өсжээ.


Хоёр долоо хоног орчмын өмнө Хятадын эрх баригчид ипотекийн зээлийн хүүгийн доод хязгаарыг арилгах зэрэг үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжих далайцтай арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм. ОУВС-гийн тэргүүн дэд захирал Гита Гопинат энэ талаар хэлэхдээ, бодлогын алхмууд нааштай боловч илүү өргөн хүрээтэй арга хэмжээ авах шаардлагатай байна гэв.

Холбоотой мэдээ