Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр 6 дугаар сард бороо ахиу орно

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2024-05-31 16:01:55

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас 2024 оны 6 дугаар сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.


Баруун аймгуудын нутгаар. Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр энэ сард агаарын дундаж температур ОЖД–аас дулаан байна.  Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн хур тунадас орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй.

 

Төвийн аймгуудын нутгаар. Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, энэ сард агаарын дундаж температур бусад нутгаар дунджийн орчим байна.  Өвөрхангайн өмнөд хэсгээр хур тунадас ОЖД–аас бага, Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу орох төлөвтэй гарлаа. Хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД–аас 1–3°С–аар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй.

 

Зүүн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур энэ сард нийт нутгаар ОЖД–ийн орчим байна. Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр хур тунадас ОЖД–аас ахиу орох төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн ихэнх үе, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй.

 

Говийн аймгуудын нутгаар. Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр энэ сард агаарын дундаж температур ОЖД–аас дулаан байна. Өмнөговийн нутаг, Дорноговийн баруун өмнөд хэсгээр хур тунадас ОЖД–аас бага,орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД–аас 1–4°С–аар дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй.

 

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор, олон жилийн дундаж гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.


Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)

Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр)

 

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.

 

Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 6 дугаар сарын агаарын темперaтурын ОЖД нь 6–12°С байжээ. Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгаар 20–24°С, бусaд нутгaaр 13–19°С дулаан бaйдаг


Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр сарын нийлбэр хур танадас ОЖД–аар 60–70 мм байжээ.  Ховд, Говь–Алтай, Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хур тунадас ордог


Зарим жилд ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байсан байна. Тухайлбал, 1979–1982, 1995–2007, 2017–2020, 2022, 2023 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас орж хуурайшилт ихтэй байжээ. Харин 1983–1986, 1993–1994, 2008, 2011–2016 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна

 

Энэ сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй. Гэвч төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байгаатай холбоотой гэнэтийн ус ихтэй аадар бороотой  байх магадлал өндөр. Иймээс дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг зөвлөжээ. 

Холбоотой мэдээ