Нийтийн тээвэр, тохижилт, үйлчилгээний ажилчдын цалин нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-10-07 16:07:02

Арвайхээр хотын тохижилт, үйлчилгээний төлөө цаг наргүй ажиллаж байдаг нийтийн тээврийн жолооч, кондуктор, хогны хураамжийн байцаагч, ачигчдын цалинг нэмэгдүүлэхээр боллоо.

Мөн хотоо өнгөлөг, цэвэрхэн байлгахын төлөө хүчин зүтгэж буй үйлчилгээний ажилчдаас 20 хүнийг Улан-Үдэ хотруу туршлага судлах аялалд явуулж, тэдний зардлыг аймгаас даахаар боллоо.

Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд “Арвайхээр тохижилт үйлчилгээ” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилчидтай уулзаж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг сонсох үеэрээ энэ шийдвэрийг гаргасан юм.

Уулзалтаар тохижилт үйлчилгээний ажилчид цалин хөлс нь бага учраас амьдралд хүрэлцдэггүй, үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг хүнд хүчир ажлыг нь иргэд ойлгодоггүй гэдгийг хэлж байв. Тиймээс өөрсдийнх нь төлөө ажиллаж буй тус үйлчилгээний албаныханд хүндэтгэлтэй хандаж байхыг иргэддээ уриаллаа.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ