Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судалдааны хүрээлэн хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 9 дэх удаагийн бага хурал өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, манай бүс нутагт тулгарч буй аюулгүй байдлын ээдрээтэй сорилтуудыг шийдвэрлэхэд яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал болохыг онцлон тэмдэглээд, бага хурлын төлөөлөгчдөд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүссэн юм.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Мэндээ тус хурлын зорилго, ач холбогдлыг тодорхойлж хэлэхдээ, “Манай улс “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг 2014 оноос жил бүр амжилттай зохион байгуулж ирсэн. Цар тахлын хоёр жилд үйл ажиллагаа нь тасалдсан. Монгол Улс энэхүү олон улсын бага хурлыг зохион байгуулж байгаа нь хамгийн бодит үр дүн. Тус бага хурал нь бүс нутаг дахь улс орнуудын маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилго агуулаагүй. Үүний оронд маргаантай талууд эл хуралд оролцож, ойлголцлоо нэмэгдүүлж, итгэлцлээ бэхжүүлэх явдал юм” хэмээв.
Манай улс 1980-аад оноос Зүүн Хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгохыг тууштай зорьж ирсэн ба 2013 онд тус бага хурлыг зохион байгуулах санаачилгыг дэвшүүлж, улмаар дараа жилээс нь тогтмол зохион байгуулах болсон. Манай улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн зарчимд нийцсэн энэхүү хурлыг өнгөрсөн хугацаанд тасралтгүй зохион байгуулснаар бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх, итгэлцлийг бэхжүүлэх яриа хэлэлцээний чухал индэр болсон гэдгийг Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга Б.Мандхай онцолж байлаа.
Түүнчлэн энэ удаагийн хуралд холимог буюу улс орнуудын төр засгийн төлөөллөөс гадна эрдэмтэн судлаачдын оролцоог хангасан. Үүний дотор залуучуудын төлөөллийг оролцуулж байгаа нь НҮБ-аас дэвшүүлж буй бүх түвшнийхний оролцоог тэгш хангана гэсэн зорилтыг тусгасан хэрэг юм. Ингэснээр, Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх болон ирээдүйд тулгарах сорилт бэрхшээлийг даван туулахад залуусын харж буй өнцөг, тэднээс дэвшүүлж буй гарц гаргалгааг аливаа баримт бичигт тусгах юм гэж тэрбээр үзэж байна.
Энэ удаагийн бага хурлыг “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь уур амьсгалын өөрчлөлт, аюулгүй байдлын сорилтууд”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний аюулгүй, хямд шилжилт”, “Эрчим хүчний шилжилтэд нэн шаардлагатай ашигт малтмалын тогтвортой, уян хатан сүлжээг хөгжүүлэх нь” гэсэн таван салбар хуралдааны хүрээнд зохион байгуулах юм. Энэ сарын 6-7-ны өдрүүдэд үргэлжлэх тус бага хуралд 30 гаруй улс, олон улсын арваад байгууллага, гадаад улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамд, Монгол Улсын төрийн байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн судлаач зэрэг 200 гаруй төлөөлөгч оролцож байна.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын зорилтын хүрээнд Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлуудын талаар хэлэлцэх уламжлалт тавцан болж, бүс нутгийн төдийгүй Ази, Номхон далай, Хойд Америк, Европ тивийн улс орнуудын төлөөлөгчид оролцдог уламжлал тогтоод буй юм.