ӨВӨРХАНГАЙ: Бат-Өлзий “Улсын тэргүүний сум”-аар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-06-07 17:23:40

Арвайхээр, 2024 оны зургадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 5 дугаар сарын 29-ний 234 дүгээр тогтоолоор Бат-Өлзий сум “Монгол улсын тэргүүний сум”-аар шалгарлаа.


Тэргүүний сумын туг, гэрчилгээ, шагналын 100 сая төгрөгийг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн тэргүүтэй албаныхан энэ сарын 6-ны өдөр хүндэтгэлтэйгээр гардуулав. Ингэснээр Монгол Улсын 330 сумаас улсын тэргүүний 31 дэх сумаар шалгарч, түүхт 100 жилийн ойгоо өрнүүн амжилтаар угтаж байна.



Бат-Өлзий сум сүүлийн гурван жил дараалан “Аймгийн тэргүүний сум”-аар шалгарсан. 2023 онд сумын хэмжээнд улс, орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 70.6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсний дотор 440 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 15 ортой эмнэлгийг ашиглалтад оруулжээ.


Тус сум нь хүн амынхаа тоогоор аймагт дөрөвт жагсдаг. Нийт 7649 хүн амтайгаас 2772 нь сумын төвд, 4877 нь хөдөө амьдарч байна. Малын тоо толгой 270 мянга давах ба байгалийн үзэсгэлэнт газар нутаг оршдог учраас жилд дунджаар 12 мянган гадаад, дотоодын жуулчин ирдэг аж. Сумынхан 100 жилийн ойгоо угтаж, 100 ажил өрнүүлж байна.

Холбоотой мэдээ