“ЕВРО-2024”-ийн үеэр аюулгүй байдлыг эн тэргүүнд чухалчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-06-11 12:00:55

БЕРЛИН, 2024 оны зургаадугаар сарын 11 /DW/. Герман улс Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний /ЕВРО-2024/ үеэр аюулгүй байдлын аливаа эрсдэлтэй тулгарахад маш сайн бэлтгэгдсэн” гэж тус улсын Дотоод хэргийн сайд Нэнси Фезер мэдэгджээ. 


Нэг сар үргэлжлэх хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ баасан гарагт эхлэх юм.


Аюулгүй байдал бол бидний хувьд эн тэргүүнд чухалчилж буй зүйл юм. Бид маш сайн бэлтгэсэн тул тэмцээн тайван, аюулгүй болно гэж найдаж байна гэж Н.Фезер баруун нутгийн Хойд Рейн-Вестфаль мужид тэмцээнд зориулан байгуулсан олон улсын цагдаагийн төвтэй танилцах үеэрээ хэлжээ.


Зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 14-ний хооронд Германы 10 хотод 51 тоглолт болно. Цэнгэлдэх хүрээлэнгүүдэд нийт 2.7 сая хөгжөөн дэмжигч тоглолтуудыг үзэх төлөвтэй байгаа бол олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд 12 сая орчим хүн оролцох тооцоо гарчээ. 


“Лалын улс”-ыг дэмжигч байж болзошгүй этгээд “ЕВРО-2024” тэмцээнд ажиллах хүсэлт гаргажээ

Өнгөрсөн долоо хоногт "Лалын улс" бүлэглэлийг дэмжигч байж болзошгүй этгээд ЕВРО-2024 тэмцээний үеэр ажиллахаар хүсэлт гаргасан нь амжилтгүй болж, баривчлагдсан гэх мэдээлэл гарсны дараа аюулгүй байдлын асуудал хурцадсан байна.


Герман, Марокко, Польшийн иргэншилтэй уг эрэгтэйг “Лалын улс” бүлэглэлийн нэгэн салбартай хамааралтай данс руу 1700 ам.доллар /1580 евро/ шилжүүлсэн хэрэгт сэжиглэн Кёльн хотын нисэх онгоцны буудлаас баривчилжээ.


Хойд Рейн-Весфаль мужийн Дотоод хэргийн сайд Херберт Реулийн хэлснээр, уг этгээд “ЕВРО-2024 тэмцээний үеэр зохицуулагчаар ажиллах хүсэлт гаргасан байна.


Аюулгүй байдал, дэг журмыг хангах чиглэлээр ажиллах бүх хүнд холбогдох зөвшөөрлийг олгох ёстой тул бид шалгаж байгаа. Шалгалтын явцад уг залуу асуудал үүсгэж болзошгүй нь тодорхой болсон тул түүнийг анхааралдаа аваад байгаа юм” гэж тэрбээр мэдээлжээ. Түүний хэлснээр, халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэх шинж байхгүй байгаа аж.


Н.Фезер шинээр нэвтрүүлсэн аюулгүй байдлын хяналт шалгалтууд “илэрхий үр дүнтэй” болохыг харуулсан уг баривчилгааг томоохон амжилт гэж тодорхойлсон байна. Түүнчлэн бусад орны 580 орчим цагдаагийн ажилтан Германы хууль сахиулах байгууллагуудтай нэгдэж, зохион байгуулагч хотууд, төмөр замын буудал, галт тэрэгнүүдэд эргүүл хийх юм.


Өнгөрсөн баасан гаргаас эхлэн цагдаа нар тэмцээнд бэлтгэх зорилгоор Германы хилийн дагуу нэмэлт шалгалт хийж эхэлжээ. Энэхүү ажиллагаа долоодугаар сарын 19 хүртэл үргэлжилнэ. Н.Фезер өмнө нь уг арга хэмжээг террорист халдлагаас эхлээд хөл бөмбөгийн тэмцээний үеэр гарах танхай үйлдлүүд зэрэг аюулгүй байдалд учирч болзошгүй аюул заналхийлэлтэй тэмцэх хүчин чармайлтын нэг хэсэг гэж мэдэгджээ.

Холбоотой мэдээ