ДОРНОГОВЬ: “Алтан хэлхээ” уулзалтад дөрвөөр төгссөн оныхон уулзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-06-11 14:13:06

Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн төгсөгчдийн “Алтан хэлхээ” уулзалт өнгөрсөн долоо хоногт төрөлх сургууль дээр боллоо.


Энэ удаагийн уулзалтад тус сургуулийг 1974, 1984, 1994, 2004, 2014, 2024 онд төгссөн эмч, эмнэлгийн ажилтнууд оролцож багш нартайгаа уулзаж, оюутан ахуй цагаа дурсан, хэсэгхэн хормыг баяр баясал, инээд наргиан дүүрэн өнгөрүүлжээ.


Төгсөгчдийн зарим нь олны итгэлийг хүлээсэн сайн эмч, эмнэлгийн ажилтнууд болсон бол зарим нь эрдмийн зэрэг цол хамгаалж мэргэжлээрээ багшилж байна.


"Алтан хэлхээ" уулзалт нь оюутан насны дурсамж дүүрэн он жилүүдээ дурсах, анги хамт олон, найз нөхөд багш нартайгаа уулзах, сургуультайгаа танилцах гайхалтай дурсамжийг буй болгодог бөгөөд энэ жил 2024 он тул дөрвөөр төгссөн оны төгсөлтийнхөн ийнхүү уулзжээ.


АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийг энэ жил хүний их эмч, сувилагч, эм найруулагч, лабораторийн техникч мэргэжлээр 116 оюутан бакалавр болон дэд бакалаврын сургалтыг дүүргэж, ажил амьдралын гараагаа эхэлжээ.

Дорноговийн Анагаахын сургууль 1962 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 8000 гаруй эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэжээ.  

Холбоотой мэдээ