ЗАВХАН: Жуулчид 40 орчим амралтын газарт тухалж болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-06-13 08:16:26

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Амралт, аяллын улирал ирсэнтэй холбогдуулан Монголын баруун хязгаарт орших Завхан нутгаар аялах сонирхолтой, аяллаа аль эрт төлөвлөсөн иргэдэд зориулсан мэдээллийг аймгийн Аялал жуулчлалын холбооноос өгч байна.


Тус аймгийн нутгаар аялахдаа та ямар замаар хэдэн км зорчиж, хаана тухлахаа сонгох боломжтой юм.  


Завхан аймаг нь Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа ОХУ-ын Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймагтай хиллэдэг. Нутаг дэвсгэрийн хэмжээ 82.5 мянган хавтгай дөрвөлжин километр. Хүн амын тоо 74 мянга, засаг захиргааны 24 сум, 116 багтай.


Аймгийн дүнгээр 1 хавтгай дөрвөлжин км талбайд 0.88 хүн ноогдож байгаа нь улсын болон баруун бүсийн дундажтай харьцуулахад хүн ам сийрэг байна. 1923 онд байгуулсан таван аймгийн нэг юм. Улаанбаатар хотоос 984 км зайтай оршдог.


Тус аймагт байгалийн бүх бүслүүр буюу говь хангай, хээр тал хосолсон нутаг юм. Завхан, Идэр, Тэс, Мухар, Хүнгий зэрэг 189 гол горхи, Улаагчны хар нуур, Тэлмэн, Бүст, Бадархундага, Ойгон, Холбоо, Хөх нуур зэрэг 91 нуур, төрөл бүрийн халуун хүйтэн рашаан бүхий 40 гаруй байгалийн үзэсгэлэнт газартай.


Баянзүрх, Зарт, Цэцүүх, Отгонтэнгэр, Даян зэрэг амралт сувиллын газартай. Мөн аялагч, жуулчдад зориулсан 40 орчим амралтын газар, бааз бий.





Холбоотой мэдээ