Сонгогчийн өгсөн саналыг мэдэх боломжтой гэдэг нь худал мэдээлэл

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-06-13 14:20:41

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн М.Энхбадрал өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр сонгогчдын анхаарах асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.


Тэрбээр “Таны хэнд саналаа өгснийг мэдэх боломжтой гэсэн ойлголт иргэдийн дунд түгээмэл байдаг. Энэ нь хуулийнхаа хүрээнд огт боломжгүй зүйл бөгөөд технологийн хувьд бүрэн хамгаалагдсан. Өөрөөр хэлбэл, таны сонгох эрхэд бүдүүлгээр халдаж буй хэрэг юм. Хэрэв хэн нэгэн таныг ийм байдлаар сүрдүүлж, дарамт үзүүлсэн бол хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, хараат бус чөлөөт сонголт хийх эрхээ хамгаалах хэрэгтэй. 


Үүний зэрэгцээ нэг намын нэр дэвшигчдийг дугуйлахгүй бол тухайн саналын хуудас хүчингүй болно гэсэн ойлголт нийтлэг түгээмэл байдаг. Зөвхөн нэг талыг дэмжих ёстой гэдэг бол буруу мэдээлэл. Иргэд холимог байдлаар сонгох эрхтэй. 


Түүнчлэн сонгуулийн үеэр нийгмийн эв нэгдэлд муу нөлөөтэй буюу үе болон бүлэг хооронд, хот хөдөөд оршин суудаг гэхчлэн иргэдээ заагладаг. Тиймээс нэр дэвшигчид хүний эрхийг дээдэлж, нийгмийн эв нэгдэл, аюулгүй байдлыг ханган шударгаар өрсөлдөхийг уриалж байна” гэв.






 

Холбоотой мэдээ