ЗАВХАН: Харуулын дугануудын нэг Хачигийн хийд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-06-14 16:46:49

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол - Оросын хилийн шугамаас 10 км зайд Хачигийн хийд оршдог.


Хачигийн хурал номын газар нь Манжийн эрхшээлийн үеийн Монгол орны хойд хил хязгаарын дагуу байгуулсан олон харуулын хурал дугануудын нэг байсан тухай баримтууд бий.



Тухайлбал, Монгол Улсын Үндэсний төв архивт хадгалагдаж буй Хязгаар нутгийн олон харуулын сүм дугануудын тухай баримтад “...Хачиг харуулын Гэжээлин сүмд Засагт хан аймгийн Ёст бэйс Мишигдорж, Зоригт бэйл Наваанцэрэн, Эрдэнэ дүүрэгч ван Намхайжанцан, Цогтой гүн Дамдин-Авийшаа нарын хошуунаас 40-50 лам сууна. Жасын адуу 8, үхэр 12, хонь ямаа 20 гаруй буй...” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.


Хачигийн хийд буюу Гэжээлин сүм нь Хуучин Засагт хан аймгийн Дүүрэгч вангийн хошуу одоогийн Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн нутагт Хачигийн голын баруун бие их, бага Жаргалант уулын бэлд төвхнөж байсан байна.

1860-аад оны үед байгуулсан гэх Хачигийн хийд нь гурван дугантай, 30 лам байнга сууж ном хурдаг байв.


1920-иод оны үед энэ хүрээний тэргүүн лам Сэтэв гавж гэдэг хүн байсан бөгөөд Хайдав, Пунцаг, Намсрай, Галдан, Чүлтэм, Содов, Дансран, Сэнгэ, Шагдар зэрэг эрдэм чадалтай лам нар сууж байжээ.


Хийдийн лам нар зуны эхэн сарын шинийн 8-нд хийдийн зүүн талд байх Баян овоо хэмээх тахилгат овоог тахидаг. Харин шинийн 15-нд Майдар эргэдэг байжээ. Мөн намрын эхэн сард Ганжуур эргэдэг байсан байна.


1937 оны хэлмэгдүүлэлтийн эхэн үеэр тус хүрээний хурал номыг хааж эрдэм чадалтай лам нарыг баривчилсны дотор Чойжилжавын Довжид гавж, Галсангийн Довжид маарамба, Шагжийн Чойнжуур аграмба, Лхамхүүгийн Ядам гавьж, Жанцан аграмба, Дагва гэлэн, Шарва гэсгүй, Намхайн Шарва гавж нарыг хэлмэгдүүлэн шийтгэж дээд хэмжээ оноожээ.


Одоо тус хүрээний туурин дээр гурваас дөрвөн дуганын туурь, дуганын тууриас зүүн хойно Шивээ хашааны бололтой гэрийн буурь бүхий хашааны туурь, өмхөрсөн мод, хагархай тоосгоны үлдэгдэл зэрэг тэр үеийн хүрээ хийдийн барилга байгууламжийн үлдэгдэл тод харагддаг.

Холбоотой мэдээ