Казанийн наадмаас Монголын тамирчид найман медаль хүртээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-18 15:27:54

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Казань хотноо эхэлсэн “Брикс-2024 наадамд 27 спортын төрлөөр 89 орны 4751 тамирчид өрсөлдөж байна.


Тус наадамд манай улсаас спортын дөрвөн төрөлд 40 орчим тамирчнаа илгээсэн юм. Тэгвэл наадмын эхний өдрүүдэд болсон самбо бөхийн төрөлд Монголын тамирчид нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медалиар энгэрээ мялааж, төрийн далбаагаа мандуулжээ.


Тодруулбал, эмэгтэйчүүдийн 54 кг-д спортын мастер Н.Баярмаа ОХУ-ын бөхийг ялснаар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Харин эрэгтэйчүүдийн 74 кг-д олон улсын хэмжээний мастер Н.Хадбаатар мөнгөн медаль хүртсэн байна. Мөн 50 кг-д С.Гүнжинлхам, 58 кг-д Г.Мөнхбат, 65 кг-д Ц.Сүнжидмаа, 72 кг-д Б.Баярсайхан нар хүрэл медалийн эзэн болов.


Тэгвэл спортын гимнастикийн төрөлд манай тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн. Тодруулбал, Үндэсний шигшээ багийн гимнастикийн тамирчин Д.Энхтүвшин бариултай морины төрөлд 13866 оноогоор, турникийн төрөлд 13200 оноогоор тус тус хүрэл медалийн эзэн болжээ. Тэрбээр мөн чөлөөт хөдөлгөөн болон харайлтын төрөлд шагналт байрт шалгарсан юм.


“Брикс-2024” наадамд оролцож буй Монголын баг тамирчдын тэмцээн кураш бөх, боксын төрлөөр үргэлжилнэ. 







Холбоотой мэдээ