Хиймэл оюун ухаан, дижитал шилжилтэд бэлэн улс орнууд өрсөлдөх чадвар сайтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-06-18 15:31:55

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Өөрчлөн хувьсаж буй дэлхий дахины нөхцөл байдлыг урьдчилан харж, дасан зохицох чадвар сайтай байж, амьдралын чанар, нэмүү өртгийг нэмэгдүүлэхэд анхаарч буй улс орнууд өрсөлдөх чадвараар тэргүүлж байна.


Энэ тухай “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д онцолсон талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал И.Одончимэг өнөөдөр мэдээллээ.

Цаашид хиймэл оюун ухаан, хүлэмжийн хий бага ялгаруулж буй тойрог эдийн засаг, дэлхийн эдийн засгийн даяаршил, дижитал шилжилт үргэлжилсээр байх тул үүнд бэлэн улс орон өрсөлдөх чадвар сайтай байгааг тэрбээр тодотгож байв.




Улс орнуудын өрсөлдөх чадварыг Швейцарын Луизанн хотод төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлгээр тодорхойлдог байна. Манай улс дээрх үзүүлэлтээр судалгаанд хамрагддаг дэлхийн 67 орноос 61-д эрэмбэлэгджээ.

Оноогоор үнэлбэл, 46.3 хувьд хүрч өмнөх жилийнхээс 10.74 оноогоор нэмэгджээ. Үүнд, эдийн засгийн эерэг байдал, институт болон нийгмийн зарим үзүүлэлт сайжирсан нь нөлөөлсөн байна. Харин Монгол Улс дахь бизнес эрхлэх орчин, дэд бүтцийн үзүүлэлт ухарч, өрсөлдөх чадварыг хойш татсаар байгаа аж.


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв өнөөдөр “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-г танилцуулахаас гадна Монгол Улсад 2024 онд тулгарч болох сорилтыг тодорхойлсныг судлаач Ч.Ганбат мэдээллээ. Үүнд:

  • Төсвийн зардал нэмэгдэнэ. Ингэснээр мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг өдөөх магадлалтай,
  • Сонгуулийн дараагаар гадаад валютын ханшийн савлагаа үүсэж болзошгүй,
  • Нийслэл хотын менежментийг сайжруулж, агаар, хөрсний бохирол, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй,
  • Хөрш улс орнуудын геополитикийн хурцадмал байдал эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй байна гэв. 



Холбоотой мэдээ