СҮХБААТАР: Ганга нуур орчимд 24 мянган мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт 2024 оны зургаадугаар
сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй Ганга нуурын урсцыг сайжруулах, ширгэлтийг зогсоох төслийн хоёрдугаар шатны ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд АДАПТ төслийн санхүүжилтээр тус нуур орчимд 24 мянган мод
тарьж, усалгааг дуслын системээр шийдвэрлэжээ.
Уг ажлыг "Гранд форест" компани гүйцэтгэжээ. Нийт 30 га талбайд дан хайлаас, бургас тарьж хашиж хамгаалсан байна. Усалгааг шийдэж, дээрээс нь хүн малын хөлөөс хамгаалснаар модны ургалт эрчимтэй явагдаж, 90 хувьд хүрсэн гэж Дарьганга сумын ЗДТГ-аас мэдээллээ.
Ганга нуурын орчим 30 га газрын татам хэсгийг ингэж ойжуулснаар
гол орчмын экосистем сэргэж, ан амьтад цуглах, бичил уур амьсгал бүрдэж, өнгөн хөрсний элэгдэл багасах, хөрсний чанар сайжрах, усны чанар, нөөцөд сайн нөлөө үзүүлж эргэн сэргэх ач
холбогдолтой юм.