Ө.Бат-Амгалан: Сүхбаатар аймагт хамгийн олон өрхийг малжуулах төсөв хуваарилсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны зургаадугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн өвөл, хаврын цаг агаарын хүндрэлтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн хэмжээнд 1,8 сая толгой мал хорогдсон. Тиймээс
энэ жилийн малжуулах ажил тус аймагт хамгийн өргөн цар хүрээг хамарч байгаа. Энэ талаар аймгийн ХХҮГ-ын дарга Ө.Бат-Амгалангаас тодрууллаа.
-Ярилцлагын эхэнд
малжуулах ажлын талаар товч
мэдээлэл өгнө үү?
-Иргэдийн амьжиргааг дэмжих, ажлын
байр бий болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх
зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2011 оноос хойш малжуулах ажлыг хэрэгжүүлж байгаа. 14 дэх жилдээ үргэлжилж буй тус ажил энэ жилийн хувьд хамруулах өрх болоод нийт санхүүжилтийн хэмжээ хэд дахин нэмэгдсэн.
Зөвхөн энэ ажилд улсын хэмжээнд 27 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Үүнээс 3,8 тэрбум буюу хамгийн их нь Сүхбаатар аймагт хуваарилагдсан. Энэ нь өнгөрсөн өвөл, хаврын цаг агаарын
хүндрэл, малын хорогдолтой
холбоотой.
-Энэ онд Сүхбаатар аймгийн
хэмжээнд хэчнээн өрхийг энэ ажилд хамруулах вэ?
-Улсын хэмжээнд Сүхбаатар аймаг хамгийн
их малын хорогдолтой. Нийт 1,8 сая мал хорогдсон. Тиймээс 3,8 тэрбум төгрөгийг манайд хуваарилж 350 өрхийг малжуулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл өмнөх оноос санхүүжилт болоод хамрагдах өрхийн тоо
5 дахин нэмэгдсэн.
-Сумдын тухайд
хамрагдах өрхийн тоо харилцан адилгүй байсан.
Энэ хуваарилалтыг яаж хийсэн бэ?
-Өмнөх жилүүдэд сум бүрд адил тооны өрхийг хамруулдаг байсан бол энэ жил тухайн сумын малын хорогдлын индексээр өрхийн тоог гаргасан. Өөрөөр хэлбэл, малын хорогдол ихтэй сумдаас илүү олон өрх хамрагдана. Аймгийн хэмжээнд Сүхбаатар суманд хамгийн их мал хорогдсон. Энэ сумаас 68 өрхийг хамруулах бол хамгийн бага хорогдолтой Наран сумаас ердөө 2 өрх гээд харилцан адилгүй байгаа. Хамгийн их хохиролтой газартаа бодит
дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа гэсэн үг.
-Тэгвэл хамрагдах өрхийн гол шалгуур нь юу вэ?
-Энэ ажлыг тусгай удирдамжийн дагуу хэрэгжүүлж байгаа. Бид яг л удирдамжаа барьж ажиллах ёстой. Малжуулах ажил 5-9 дүгээр сарын хооронд үндсэн таван шаттай хэрэгжинэ. Эхлээд бид малчдаас хүсэлтийг нь авсан.
Тухайн өрх 200
хүртэлх толгой малтай, 18-аас дээш буюу хөдөлмөрийн насны хоёроос
доошгүй хүнтэй, орон нутгийн харьяат байх гээд заалтууд байгаа. Энэ
шалгуурыг хангасан өрхийг хоёрдугаар
шат руу шилжүүлнэ. Хоёрдугаар
шатны шалгаруулалтыг сум болгонд байдаг амьжиргаа дэмжих зөвлөл шийднэ. Зөвлөлийн хурлаар ороод дэмжигдсэн хүсэлтүүд манай газарт ирнэ. Энэ
бол гурав дахь шат. Дөрөв дэх шат бол шалгуур хангаж тэнцсэн өрхүүдэд газрын даргын тушаалаар
батламж олгох процесс юм.
Өөрөөр хэлбэл, тухайн өрхөд 8 сая төгрөгийн малжуулах ажилд хамрагдлаа гэсэн батламж олгоно. Ингээд 7,8,9 дүгээр сард батламжаа авсан өрхөд мал нийлүүлэх айлыг олж гэрээг нь хийж, баталгаажуулах явц нь 4 дүгээр шат. Гэрээ хийгээд, мэргэжилтнүүд газар дээр нь очиж ажиллаад
тухайн малаа нийлүүлсэн
иргэдэд 8 сая төгрөгийг нь шилжүүлсний дараа буюу хамгийн сүүлд энэ ажилд хамрагдаж буй өрхдөө малыг нь хүлээлгэж өгөх юм. Ажил тавдугаар сараас эхэлсэн. Яг зарчмаараа явж байгаа.
Зарим өрхийн хувьд сүү, цагаан идээгээ бэлтгэхээс эхлээд малаа эртхэн авах сонирхол байна. Ийм тохиолдолд шууд мал нийлүүлэх айл нь байвал заавал 8, 9 дүгээр сарыг хүлээх биш
газар дээр нь гэрээгээ хийгээд малыг нь олгох тохиолдол ч гарч байна. Өнөөдрийн байдлаар малжуулах ажилд хамрагдах нь тодорхой болсон 189 өрхөд батламжийг нь, гурван сумын 16 өрхөд малыг нь олгосон байна. Батламж
олгох ажил аймгийн хэжмжээнд 54 хувьтай үргэлжилж байна.
-350 өрх гэдэг урьд жилүүдээс их тоо мэт боловч яг малгүй болсон өрхийн тоотой харьцуулахад бага тоо шүү дээ. Тиймээс энэ ажилд хамрагдах хүсэлт ч их ирсэн байх. Хамрагдах өрхөө сонгон шалгаруулахтай холбоотой гомдол иргэд, малчдын дунд байна л даа?
-Мэдээж иргэдийн дунд буруу, ташаа ойлголт их байна. 6 дугаар сарын 10 хүртэл нийт 974 малчин хүсэлтээ ирүүлсэн. Бидний малжуулах гэж зориод байгаа өрхийн тооноос гурав дахин их хүсэлт гэсэн үг. Эдгээр хүсэлтээс 614 нь амьжиргаа дэмжих зөвлөлөөр хэлэлцэгдсэн байна. 300 гаруй нь нөгөө үндсэн шалгуур болох 200 хүртэлх толгой малтай, хоёроос доошгүй хөдөлмөрийн насны хүнтэй байх гэдэг хамгийн эхний шалгуурыг хангаагүй байна. Хэдийгээр 200 хүртэлх малтай ч ихэнх нь ганц бие байна. Яагаад гээд судлаад үзэхээр энэ нь олон хүчин зүйлээс хамаардаг юм байна. Жишээ нь, нөхөр нь хөдөө мал дээрээ, эхнэр нь хүүхдүүдээ дагаад сургууль, цэцэрлэг хаа байна тэр суманд нь амьдардаг гэр бүл маш их байна.
Өөрөөр хэлбэл, улсын
бүртгэлдээ тус тусдаа өрх, бодит амьдрал дээр нэг гэр бүл байдаг. Тэгэхээр бид журмаа л барина. Мөн 200 хүртэлх мал гэдгийг бодод шилжүүлснээр тооцно.
Гэтэл хүсэлт өгсөн айлуудаа дахин хянаад үхрийг 6, адууг 7 хоньтой тэнцэнэ гээд шилжүүлээд үзэхээр малынх нь тоо 200 давчихдаг. Ийм тохиолдлоор хасагдах өрх ч байна.
Ер нь яг нарийн яривал
энэ ажилд цаашид анхаарах, хүндрэлтэй хэд хэдэн асуудал байна гэж харж байгаа. Жишээ нь, энэ ажилд хамрагдах өрхөд тухайн сумаас нь болоод хөрш зэргэлдээх ойрхон сумдаас мал нийлүүлэх өрх олдохгүй байна. Ингэхээр
гадны өөр аймаг, сумаас мал авах болно. Гэтэл үүнийг нь татах зардал гэж тусгагдаагүй. Манай аймагт хуваарилсан 3,8 тэрбум төгрөг бол цэвэр малчдадаа очих малынх нь төсөв. Үүнд ямар нэг үйл ажиллагааны зардал тусгагдаагүй.
-Мэдээж иргэдээс гомдол
ирж байгаа байх тийм үү?
-Тэгэлгүй яахав. Манайх эрт өгсөн ч багтсангүй, эсвэл сум орон нутгийнхан танил талдаа өглөө зэрэг гомдлууд ирж байгаа. Одоогоор 225 малчинд батламж олгох тухай газрын даргын тушаал гарсан. Тушаал
нь ингэж гарчхаад олголт нь яагаад 189 байгаа вэ гэхээр яг нөгөө иргэдийн гомдолтой холбоотой. Иргэдээс ирсэн гомдлын дагуу
манайхаас ажлын баг гарч, дахин нөгөө айл дээрээ очиж хяналт шалгалт хийх шаардлагатай болж байгаа гэсэн үг. Ингээд дахиад л зөвлөл хуралдаж хэлэлцэх нөхцөл байдал үүсэж байгаа юм. Наад зах нь л гэхэд мал бүхий иргэд ороод ирсэн байна. Гэтэл энэ ажлын гол чиглэл малчин өрх байх ёстой. Сумын төв дээр байдаг мал бүхий иргэн орж болохгүй гэсэн үг. Ийм ийм асуудлууд үүсэж байгаа нь батламж олголт удаашрах шалтгаан болж байна. Гэхдээ ямар ч байсан бид үүссэн асуудлыг хянаж
шийдэхгүйгээр дараагийн шат руу шилжиж болохгүй гэсэн байр суурьтай ажиллаж байна.
-Өнгөрсөн өвөл гэхэд малаа 100 хувь алдсан 1000 орчим өрх байгаа. Өөрөөр хэлбэл, энэ 350 өрхийн цаана маш олон айл төр засгаа харж байна. Тэгэхээр цаашид
ер нь хэрхэх бол?
-Мэдээж малжуулах ажил үе шаттай үргэлжлэх байх. Чамлахаар чанга атга гэж үг бий. Эхний өрхүүдээ малжуулаад, амьжиргааг нь
дэмжээд явж байтал дараа дараагийн асуудлууд шийдэгдэж, сайхан цаг ирнэ гэдэгт
итгэж байгаа. Ямар ч байсан эхний ажлаа маш сайн
зохион байгуулаад, үр дүнг нь үзэхийг зорьж байна.