СҮХБААТАР: Уран бүтээлчид ур чадвараа шалгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-22 19:53:29

Баруун-Урт, 2024 оны зургаадугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Жаахан шарга театрын уран бүтээлчид ур чадварын шалгалт өгч байна.


Хоёр жил тутамд авдаг тус шалгалтад хөгжим, дуу, бүжиг, драм ангийн уран бүтээлчид хамрагдаж байгаа бөгөөд СУИС, Жаахан шарга театр хоорондын хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн ур чадварын багш нар ирж шүүж буйгаараа онцлог.


 

Тодруулбал, СУИС-ийн уран бүтээл инновацын албаны дарга Э.Зулцэцэг, Театр урлагийн сургуулийн Найруулах жүжиглэх урлагийн тэнхимийн эрхлэгч М.Ариунжолоо, Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш Н.Содном, Дуулах ур зүйн багш С.Гантулга нар шүүгчээр ажиллаж байна. Шалгалтад оролцогчид маш эмх цэгцтэй, зохион байгуулалттай, бэлтгэл сайн хангасан байгааг тэд онцолж байв.




Уран бүтээлчдийн түвшнийг тогтоох, шинэ уран бүтээл тавих бэлтгэл хангах, цаашид бүрдүүлэхэд анхаарах хүний нөөцийн судалгааг гаргах гээд энэ шалгалтын ач холбогдол их. Тийм ч учраас концерт мистерүүд болон шүүгчдээ бүгдийг урилгаар гаднаас авч ирсэн. Манай театрын хувьд драм болон дууны ангид эмэгтэй уран бүтээлч дутагдалтай. Хэдий тийм ч мэргэжлийн урлагийн байгууллага гэдэг утгаараа манай хамт олон өдийг хүртэл олон олон уран бүтээлийн ард амжилттай гарсаар ирсэн. Энэ бүхний маань үр дүн ч энэ удаагийн шалгалтаас харагдаж байна гэж тус театрын ерөнхий найруулагч У.Эрдэнэбаяр ярилаа.  




 

Мэргэжлийн урлагийн байгууллагын үлгэрчилсэн дүрмийн заалтыг үндэслэн уран бүтээлчдийн ур чадварыг хөгжүүлэх, театрын урын санг нэмэгдүүлэх, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилгоор мэргэжил, ур чадварын түвшин тогтоох зорилго бүхий шалгалтын эхний өдөр амжилттай дуусжээ.

 

Уран бүтээлчид ур чадвар болон онолын шалгалт өгөх юм.  

Холбоотой мэдээ