Солонгосын Хөдөлмөрийн намын 71 жилийн ой тохиож байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /Kyodo/. Умард Солонгосын эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн нам үүсэн байгуулагдсаны 71 жилийн ой өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Япон, АНУ болон хөрш улсууд Пхеньянд анхаарлаа хандуулж байна.
Умард Солонгос даяар энэ ойн өдөрт зориулан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ким Жөн Уны удирдлага дор цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн талаарх бодлогоо үргэлжлүүлнэ гэсэн агуулга бүхий мэдэгдлийг Умард Солонгосын төрийн мэдлийн телевизээр өнөөдөр хийж магадгүй.
Өнгөрсөн сард тав дахь цөмийн туршилтаа хийснээс хойш Умард Солонгосын тал цөмийн зэвсгээ тоо болон чанарын хувьд сайжруулах зорилготой байгаагаа нэг бус удаа мэдэгдсэн юм.
АНУ-д төвтэй ажиглагч байгууллагын мэдэгдсэнээр, Умард Солонгосын зүүн хойд нутаг дахь цөмийн туршилтын талбай орчимд хөл хөдөлгөөн идэвхжсэн байна.
Мөн тус улсын зүүн нутгийн Вонсан хот дахь дунд зайн тусгалтай баллистик пуужин харвагч төхөөрөмжийн эргэн тойронд хөл хөдөлгөөн идэвхжсэн тухай Өмнөд Солонгосын эх сурвалжууд мэдээлж байна.
Умард Солонгос энэ ойг тохиолдуулан баллистик пуужин харваж, ээлжит цөмийн туршилтаа хийж болзошгүй гэж улс орнууд түгшиж байна.
Г.Доржханд