Загвар хоршоо, жимс жимсгэнийн аж ахуй байгуулах 10 төслийг санхүүжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-27 08:44:57

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Загвар хоршоо, жимс жимсгэнийн аж ахуй байгуулахад тус бүр 10 төсөл, зөгийн аж ахуйн хоёр кластерт санхүүжилт олгоно. 


Энэ шийдвэрийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Загвар хоршоо, Жимс, жимсгэний аж ахуй, Зөгийн кластер байгуулахад зээлийн дэмжлэг үзүүлэх төсөл сонгон шалгаруулах хорооны хурлын үеэр гаргалаа. Тодруулбал, хөдөө аж ахуйн загвар хоршооны 10 төсөлд 2,258,390,000, жимс, жимсгэнийн аж ахуй байгуулах 10 төсөлд 1,098,780,000, зөгийн аж ахуйн кластер хоёр төсөлд  191,635,000 төгрөгийн санхүүжилт олгох юм.


Засгийн газрын 2020 оны тогтоолоор баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”, ХХААХҮ-ийн сайдын 2024 оны тушаалаар 7,3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталжээ. Үүнд зах зээл ба бэлчээрийн удирдлага төслөөс загвар хоршоонд 4,2 тэрбум, жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуйд 2,8 тэрбум, зөгийн аж ахуйн кластер байгуулахад 270 сая төгрөгийн санхүүжилт төсөвлөсөн байна.


Түүнчлэн, хөдөө аж ахуйн загвар хоршооны 26 төсөлд 4,9 тэрбум, жимс, жимсгэний аж ахуй байгуулах 44 төсөлд 5,4 тэрбум, зөгийн аж ахуйн кластер байгуулах 5 төсөлд 652,8 сая төгрөгийн зээлийн хүсэлт хүлээн авч, төслийн сонгон шалгаруулалтыг 4 үе шаттай зохион байгуулсныг ХХААХҮЯ мэдээлэв. 

Холбоотой мэдээ