Улсын хэмжээнд сонгуулийн ирц 69.3 хувьд хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 22:00 цагт өндөрлөлөө.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, "Энэ удаагийн сонгуулийн ирц улсын хэмжээнд 69.3 хувьд хүрсэн. Гэхдээ энэ хувь нэмэгдэх болно. Учир нь, гадаадад суугаа иргэдийн саналыг одоо тоолж байна. Мөн сүлжээнд ороогүй хэсгийн хороодын сүүлийн хоёр цагийн ирцийг нэмж тооцно. Ингэхээр улсын хэмжээнд ирц 70 хувьд хүрнэ байх.
Мөн 15 цагийн турш явагдсан санал хураалтын үеэр хэрэг зөрчил яригдсан ч ноцтой зүйл гарсангүй. СЕХ-ноос шийдээгүй гомдол мэдээлэл байхгүй" гэлээ.
УИХ-ын сонгуулийн санал хураалт өнөө өглөө 7:00 цагт эхэлсэн юм. Одоогийн байдлаар сонгуулийн дүн урьдчилсан байдлаар нэгтгэгдэж байна.