Мазаалайн амьдрах орчныг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-10-10 15:44:55

БНХАУ-аас Монголын нэн ховордсон амьтан болох мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр “Мазаалай баавгай амьдрах орчныг сайжруулах төсөл”-ийн ТЭЗҮ-ийн судалгааны протокольд гарын үсэг зурлаа.

Монголын Засгийн газраас БНХАУ-д энэхүү төслийг хэрэгжүүлэх санал тавьжээ. Тус улсын 9 мэргэжилтэн өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 10 хүртэл Их говийн дархан цаазат газарт ажиллаж, мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр судалгаа хийжээ. Уг судалгаа нь төслийн ТЭЗҮ-г боловсруулах тулгуур болох юм. Монгол Улсад ердөө 28 үлдээд буй мазаалай баавгайг хамгаалах үйлсэд энэхүү судалгаа томоохон үүрэг гүйцэтгэх юм хэмээн БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хэллээ.

Тэрбээр, “Манай улсын Говийн их дархан цаазат газраар нутагладаг мазаалайг 2010 оноос нэн ховор амьтны жагсаалтад оруулсан. Тиймээс БНХАУ-д “Мазаалай байвгайн амьдрах орчныг сайжруулах төсөл”-ийг буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх хүсэлт тавьсан. Төслийг хэрэгжүүлэх чиглэлээр нарийн судалгаа явуулсан гэдэгт итгэлтэй байна. Төслийг хэрэгжүүлсэн тохиолдолд Монгол Улсын Засгийн газар бүхий л талаар дэмжиж ажиллах болно” хэмээв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чиндун, “Мазаалай бол Монголын ховор эрдэнэ юм. Тиймээс энэ амьтныг хамгаалах нь туйлын чухал. Гэвч мазаалайн амьдрах орчин хүнд тул өсгөн үржүүлэхэд бэрхшээл тулгарч байгаа. Тиймээс Монголын талаас тавьсан мазаалай хамгаалах төслийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно” хэмээв.

Судалгааны протокольд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, БНХАУ-ын Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичиг Лю Жиэфэн нар гарын үсэг зурлаа. БНХАУ-аас ирсэн судалгааны баг тун удахгүй төслийн ТЭЗҮ-г боловсруулж, шаардлагатай хөрөнгийн хэмжээг тогтоох аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ