ДОРНОГОВЬ: Түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Алтанширээ сум
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Энэ жил Дорноговь аймгийн 12 сум 100 жилийн тэгш ойгоо тэмдэглэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Түүхт ойн баяраа тэмдэглэх сумдын мэдээллийг цувралаар хүргэж байна.
Алтанширээ сум 722,5
мянган га газар нутагтай. Хэнтий аймгийн Галшар, өөрийн аймгийн Дэлгэрэх,
Өргөн, Сайншанд, Сайхандулаан, Айраг, Иххэт сумтай хил залган нутагладаг.
Аймгийн төвөөс зүүн хойш 90 км-т оршдог. Нийт 1550 хүн амтай. Засаг захиргааны анхан
шатны 4 нэгжтэй. Голлох аж ахуй нь мал бөгөөд 200 гаруй мянган толгой малтай. Алтанширээ сум физик газарзүйн шинжээрээ говийн их мужид
багтдаг. Байгалийн эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд 25-36 хэм халдаг.
Өвөлдөө -24-29 хэм хүртэл хүйтэрдэг. “Болдтөмөр Ерөө гол” ХХК энэ сумын нутагт “Алтан ширээт” үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төслийг 2019-2025
онд хэрэгжүүлж байна.
Нийт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах, нүүрс
угаах, кокс, төмрийн хүдрийн хорголжийн гэх мэт дагалдах үйлдвэр бүхий 500
мян.тн/жил ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулна. Мөн Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын Засгийн газрын
хөнгөлөлттэй зээлээр стратегийн чухал ач холбогдолтой газрын тос боловсруулах
үйлдвэрийн бүтээн байгуулалт
өрнөж байна.
Тус сумын бэлчээрийн ихэнх хэсэгт хялгана, таана, хүмүүл, агь, гашуун болжмог, үхэр шүлхий, хазаар, ямаан шарилж, баглуур хиаг, бүднүүр, бударгана, хөх бударгана зэрэг шүүслэг шим тэжээл сайтай ургамал зонхилдог. Эмийн ургамлаас цулхир, шар мод, гоёо, чихэр өвс, зээргэнэ, тэмээн хөх, хулангийн ундаа сороол, морин шарилж, зэл зангуу, цахилдаг ургадаг.
Үслэг ан амьтдаас үнэг, чоно, хярс, туулай, дорго, мануул, өмхий хүрэн, тарвага. Туурайтнаас хар сүүлт, цагаан зээр элбэг. Жигүүртний төрлөөс ногтруу, бор шувуу, сар, бүргэд, тас, харцага, шонхор, өвөөлж, ууль, шаазгай, шар шувуу, хэрээ элбэг тохиолдоно. Сумын нутаг хайлуур жонш, ягаан гантиг, зэс, төмрийн хүдэр, шохойн чулуу, өнгөт чулуу, нүүрс, уран, өнгө, өнгийн шороон будгийн тогтоц нөөцтэйгөөс гадна Бор хөөврийн говь, Сайн-Усны говь зэрэг 28 км үргэлжилсэн газрын гүнээс оргилдог цэвэр устай.
Алтанширээ сумаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дарамын Даваасамбуу, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын Догмид, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъяан, Ш.Гүрбазар, Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Хэнмэдэхэв, С.Жанцанхярал, Монгол Улсын гавъяат жүжигчин Ж.Ёндонжамц, Монгол Улсын цаг уурын гавьяат ажилтан, эрдэмтэн Л.Нацагдорж, Улсын хошой аварга малчин Н.Лувсансэнгэ, Улсын аварга малчин Д.Наваан-Осор, Д.Аюурзана, Ө.Гомбоцэрэн, Я.Лувсаншарав, Г.Бавуудорж, Ц.Жамбал, Монгол Улсын сайн малчин Д.Цэдэвдорж зэрэг хөдөлмөрийн сайчуул төржээ.
Харин Улсын Их Хурлын гишүүнээр Я.Батсуурь /2008-2012/, Б.Дэлгэрсайхан 2016 оноос өнөөг хүртэл, Ардын Их Хурлын депутатаар Ж.Базар, Л.Ишдорж нар тус тус сонгогдон ажиллаж байсан.