ЗАВХАН: Даян-Очир зуслангийн амрагч хүүхдүүд сонирхолтой хөтөлбөрүүдэд хамрагддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-07-05 15:46:02

Улиастай, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн "Даян-Очир" хүүхдийн зуслан амрагч хүүхдүүдэд амрангаа суралцах боломжийг олгож байна. Тус зуслан жил бүр 5-6 ээлжээр 1000 орчим хүүхдийг амраадаг.


Энэ жил амрагч хүүхдүүдэд зориулан ээлж бүрд хүүхдийн хөгжлийг дэмжсэн сонирхолтой сургалтуудыг явуулж байна. Тухайлбал гуравдугаар ээлжийн хүүхдүүдэд 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 7-ны өдөр хүртэл хөлбөмбөгийн мэргэжлийн багш дасгалжуулагчийг урьж авчран сургалт явуулж байна.


Баруун бүсийн хөлбөмбөгийн "Dream goal" ээлж нь хөлбөмбөгийн дурсамжтай өдрүүдийг хамтдаа өнгөрөөх боломжийг Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн хүүхдүүдэд олгожээ.

Дасгалжуулагч багшаар баруун бүсийн шилдэг дасгалжуулагч, багш нар ажиллажээ. Мөн "Мөрөөдлийн гоол" тэмцээнд амжилттай оролцсон зургаан хүүхэд урилгаар хамт амарч байна. Даян-Очир зуслангийн "Dream goal" ээлжинд 70 гаруй хүүхэд амарч Монгол Улсын шигшээ багийн тамирчин, нийтийн хөлбөмбөгийн элч төлөөлөгч охидуудтай уулзалт, нөхөрсөг тоглолт хийж, хамтдаа зургаа авахуулан дурсамж дүүрэн өнгөрөөж байна. Энэ удаагийн амрагч хүүхдүүд маань “Мөрөөдлийг хүлээж биш, мөрөөдлийн гоолоо хийж биелүүлцгээе” уриатай амарч байна гэж Даян-Очир зуслангаас мэдээлэв.


Алдархаан сумын нутагт Богдын голын “Таван салаа” хэмээх байгалийн үзэсгэлэнт газар, хангайн нурууны ноён оргил Богд Очирваань Отгонтэнгэр хайрхны ар хормойд 23 км зайд оршдог Даян-Очир хүүхдийн зусланг 1961 онд анх байгуулсан цагаасаа эхлээд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.


Аймгийн 24 сумаас гадна зэргэлдээ аймгийн хүүхдүүдийн амрах дуртай газар болжээ. Монгол орны дархан цаазтай, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт байрлаж нэг ээлждээ 150-200 хүүхэд амрах хүчин чадалтай.

Хүүхдүүдэд амрангаа байгаль орчинтой зөв харьцах, уламжлалт монгол ахуй, зан үйлтэй танилцах, мэдлэгээ бататгах зэрэг боломжийг олгодог. Мөн хүүхдийн мэдлэг, төлөвшил, хөгжилд ач холбогдол бүхий үйл ажиллагаа явуулдаг онцлогтой.


Түүнчлэн эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг хөнгөлөлттэй үнээр амруулж, тэдний хөгжилд эерэгээр нөлөөлөх, үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа хөгжих боломжийг тус зуслан жил бүр олгодог байна.


Эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдтэй хамт амарч ирээдүйд байгальд хайртай сайн иргэн болгон төлөвших боломжийг бүрдүүлж өгдөг гээд Даян-Очир зуслангийн хөтөлбөрүүд тэгш оролцоог хангадаг төдийгүй насанд хүрэгчдийг хүлээн авдаг болжээ. 2016 оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, нэг ээлждээ гадаад, дотоодын 200-250 хүн хүлээн авах боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар 650 гаруй хүүхэд зусланд амарч хими, англи хэлний мэдлэг, хичээлээ бататган суралцаж, өөрийгөө хөгжүүлэх болон хөлбөмбөгийн сургалтуудад хамрагдсан байна гэж Завхан аймгийн Даян-Очир зуслангаас мэдээлэв.

Увс аймгийн амрагч хүүхдүүд


Амрагч хүүхдүүд зургийн хичээлийн сургалтын үеэр


Хүүхдүүд анхны тусламж хэрхэн үзүүлэх талаарх мэдлэгтэй болов


Амрагч хүүхдүүдэд өдрийн 5 удаагийн амттай цай хоолоор үйлчилдэг


Амрагч хүүхдүүдийн бүтээл


Амрагч хүүхдүүд


Холбоотой мэдээ