Бангкокт террорист халдлага үйлдэж болзошгүй талаар сэрэмжлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-11 12:15:42

БАНГКОК. /Reuters/. Таиландын нийслэл Бангкок хотод 10 дугаар сарын сүүлчээр дэлбэрэлт үйлдэж болзошгүй гэж анхааруулсан тагнуулын мэдээллийг тус улсын цагдаа нар хүлээн авсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Тус улсын ЦЕГ-ын орлогч дарга Сривара Рансибрахманакул хэлэхдээ “нийслэл Бангкок хот болон захын дүүргүүдэд 10 дугаар сарын 25-30-нд хэд хэдэн автомашиныг дэлбэлэхээр зэхэж байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн” гэв. Түүний мэдэгдсэнээр, террористууд нисэх онгоцны буудал, автомашины зогсоол болон дэлгүүрүүдийг онилон халдлага үйлдэж болзошгүй байна.

“Терроризмтой тэмцэх төлөвлөгөөний хүрээнд сэжиг бүхий тээврийн хэрэгслүүдийг шалгаж, эрж хайх ажлыг эрчимжүүлэхийг би бүх дүүргийн цагдаа нарт хэдийн үүрэг болгосон” гэж Сривара хэлэв.

Мөн жуулчид олноороо очдог газрууд, ЭСЯ-д болон халдлагад өртөх эрсдэлтэй бүсүүдэд аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж байгаа ажээ.

Г.Доржханд

 






 

Холбоотой мэдээ