Д.Трамп аминд нь халдахыг завдсанаас хойш анх удаа цуглаанд оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-07-21 11:11:08

ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 21 /NBC/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп амь насанд нь халдах оролдлогоос хойш анх удаа сонгуулийн кампанит ажлын цуглаанд оролцож, сонгуулийн сурталчилгааны ажилдаа эргэн оржээ. Энэ үеэр Д.Трамп Ерөнхийлөгч Жо Байденыг дахин шүүмжилсэн байна.


Мичиган муж улсын Гранд-Рапидс хотод болсон цуглааны үеэр Д.Трамп өөртэй нь хамт дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж буй, Охайо муж улсаас сонгогдсон сенатч Жеймс Дэвид Вэнсийг олон нийтэд танилцуулжээ. Тэрбээр мөн дэд Ерөнхийлөгч Камала Харрисыг шүүмжилсэн байна.


Улиран сонгогдохын төлөөх өрсөлдөөнөөс гарах хэрэгтэй гэсэн шахалт улам нэмэгдэж байгаа энэ үед Ж.Байден Ковид-19 халдварын улмаас Делавэр дэх өргөөндөө тусгаарлагдаж байгаа юм. Ж.Байдены сонгуулийн кампанит ажлын багийнхан ерөнхийлөгчийг үргэлжлүүлэн өрсөлдөнө гэж мэдэгдэж байгаа боловч түүний гэр бүлийн гишүүд өрсөлдөөнийг орхивол хэрхэх талаар ярилцаж эхэлсэн байна.


Конгресс дэх Ардчилсан намын 35 гишүүн, түүний дотор дөрвөн сенатч Ж.Байденд өрсөлдөөнөөс гарахыг уриалаад байгаа бөгөөд тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл өөр бусад сонгуулийн санал хураалтад намаас нэр дэвшигчдэд сөргөөр нөлөөлж болзошгүйг олон хүн анхааруулах болжээ.

Холбоотой мэдээ