Олимпын жүдогийн тэмцээн маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-26 08:46:38

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Зуны ХХХIII олимпын наадмын жүдо бөхийн  жин тус бүрийн сугалаа боллоо.


“Парис-2024” наадмын жүдо бөхийн тэмцээнд 122 орны 378 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөнө.

-Африкийн 31 улсын 43 бөх

-Азийн 25 улсын 95

-Европын 36 улсын 180

-Далайн 7 улсын 10 жүдоч

-Пан Америкийн 22 улсын 50 жүдоч хүч үзэх юм.

Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин зодоглоно. 


Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга  Б. Баасанхүү хүч үзнэ. Манай тамирчны жинд 31 бөх байна. Тэрбээр эхлээд Мальта улсын бөхтэй. Ялаад Австри, Хятадын Хонгконгийн бөхчүүдийн ялсантай хүч үзнэ.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д Залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт Л.Сосорбарам өрсөлдөнө. Түүний жинд 25 бөх байна. Манай тамирчин эхлээд Испанитай. Ялбал шөвгийн наймд үлдэхийн төлөө Унгарын бөхтэй.


Эмэгтэйчүүдийн 57 кг-д, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Л.Энхрийлэн өрсөлдөнө.Түүний жинд 23 бөх байна. Манай тамирчин эхлээд Косовогийн Нора Гжаковатай барилдана. Ялбал Нидерланд, Германы бөхчүүдийн ялсантай барилдана.

Эмэгтэйчүүдийн -78 кг-д үндэсний шигшээ багийн тамирчин О.Хүслэн хүч сорих юм. Манай бөх Экводарын Чала Ванессатай барилдана.


Эмэгтэйчүүдийн +78 кг-д 25 бөх дэвжээнд гарна. Энэ жинд манай улсаас Азийн наадмын хүрэл, Ази тивийн мөнгөн медальт А.Адьяасүрэн өрсөлдөнө. Манай бөх эхлээд Казахстаны Камила Берликаштай. Ялбал дэлхийн аваргын мөнгөтэй Туркийн Кайра Оздемир түүнийг хүлээж байна.


Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд өрсөлдөнө. Манай тамирчны жинд 25 бөх байна. Тэрбээр D хэсэгт эхний барилдаанаа Египетийн Сэми Юссритэй.  

Эрэгтэйчүүдийн 66 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Ё.Басхүү өрсөлдөнө. Түүний жинд 27 бөх байна. Манай тамирчин эхний тойрогт хийлж, удаах барилдаанд Киргиз, Украины ялсан тамирчинтай шөвгийн наймд үлдэхийн төлөө хүч сорих юм.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр өрсөлдөнө. Тэрбээр эхний даваанд дэлхийн аварга Нилс Штамптай таарлаа.

Эрэгтэйчүүдийн -100 кг Б. Гончигсүрэн  эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, Израйлын Петр Палтчектэй оноолт таарав.  Энэ жинд 25 бөх бий.

Эрэгтэйчүүдийн +100 кг-д О.Цэцэнцэнгэл эхний даваанд Германы Эрик Амбрамовтой барилдана. Түүний жинд 23 бөх байна.

Холбоотой мэдээ