Самнасан ноолуурын экспорт нэг жилээр хойшлогдов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны
долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Манай улс
энэ оны 7 дугаар сараас эхлэн экспортод угаасан бус, зөвхөн самнасан ноолуур
гаргаж байхаар болсон. Энэ талын тогтоолыг УИХ 2022 онд гаргасан.
Тодруулбал энэ нь хялгас
ялгахаас дээш боловсруулсан ноолуурыг экспортод гаргах тухай 19 дугаар тогтоол
юм. Засгийн газар ч мөн адил шийдвэр гаргасан. Гэвч зөвхөн самнасан ноолуур экспортод
гаргах төр, засгийн тогтоол хэрэгжиж эхлээгүй, ирэх оны 7 дугаар сарын 1-нийг хүртэл
хойшлуулаад байна.
Экспорт, импортоор улсын
хилээр нэвтрүүлэх ямааны ноолуур нь дараах шаардлагыг хангаж байх техникийн зохицуулалтын
өөрчлөлтийг Засгийн газрын 380 дугаар тогтоолоор мөн баталсан. Үүнд:
- Хялгас болон завсрын үсний
агууламж 0.3 хувиас ихгүй байх,
- Тослог нь 1.0 хувиас
хэтрэхгүй байх,
- Мөн чийглэх 17 хувиас
ихгүй байх юм.
Дээрх шаардлагаар манай
улс угаасан ноолуур экспортод гаргахгүй байх юм. Гэвч тогтоолын хэрэгжилт
сунгагдаад байна.
Угаасан ноолуур гаргахгүй байх тогтоолтой холбоотой ноос, ноолуурын үйлдвэрүүд самнах хүчин чадлаа 2 дахин өсгөж, энэ хэрээр хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ.
Угаасан ноолуурыг улсын
хилээр гаргахгүй байхтай холбоотой ноос, ноолуурын үйлдвэр, ААН-үүд ноолуур
самнах үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2 дахин нэмжээ. Ингэснээр өмнөх жилүүдэд 6017
тонн ноолуур самнах хүчин чадалтай байсан үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин
чадал одоо 11.437 тоннд хүрээд байна.
Монгол Улс жилд 10 мянган тонн ноолуур бэлтгэдэг. Үүнийхээ 80-90 хувийг өмнө нь түүхийгээр гаргаж байв. Улмаар угаах шат руу шилжсэн. Ингэснээр нийт бэлтгэсэн ноолуурынхаа 70-80 хувийг угаасан байдлаар бэлтгэн гадаадад гаргаж, 20-30 хувийг самнах буюу эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлож байна.
Үйлдвэрүүдийн хүчин чадал:
- угаах 54.310 тонн,
- самнах 11.437 тонн,
- ээрэх 2278 тонн,
- сүлжих 4.5 сая ширхэг,
- нэхэх 2000 м.метр.
Нэмүү өртөг шингээсэн
самнасан ноолуур экспортод гаргаснаар эдийн засагт өгөөж өгөх саналыг салбарын яам
ХХААХҮЯ анхнаасаа дэмжиж боловсруулан Засгийн газарт өргөн барьж оруулснаар
тогтоол гарсан. Тус яамнаас мэдээлж байгаагаар тогтоол хэрэгжсэнээр ноолуурын экспорт 420 сая ам.доллароор нэмэгдэх боломжтой гэсэн тооцоог гаргажээ. Гэвч ЭЗХЯ-наас (хуучнаар) самнасан ноолуур боловсруулах суурилагдсан
хүчин чадлыг харгалзан тогтоолын хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулаад байна. Ингэснээр
өнөөдөр ноолуурын салбар ноолуураа самнах уу, угаасаар байх уу гэсэн байдалд
байгааг Монголын Ноос, ноолуурын холбооноос мэдэгдэж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын ноос,
ноолуурын салбарт:
- иж бүрэн цогцолбор 16 том
үйлдвэр,
- анхан шатны боловсруулах
51 үйлдвэр,
- сүлжмэлийн 74 жижиг, дунд
үйлдвэр, өрхийн 200 жижиг цех ажиллаж байна.
Монгол Улсын хөгжлийн урт
хугацааны хөтөлбөр “Алсын хараа-2050”-д ноолуурын салбарыг дэмжиж, самнасан
ноолуур болон эцсийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр тусгасан
юм.
Мөн ХАА-н гаралтай түүхий
эд, бүтээгдэхүүний нөөцтэй уялдуулан боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн
ашиглах, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг олон улсын жишиг хүргэхээр
заасан юм.