ӨВӨРХАНГАЙ: Палеонтологийн дурсгалт ӨӨШ ШАХЛАГ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Богд сумын 4 дүгээр багийн нутагт оршдог, эрт эрин галавын үед далай тэнгисийн сав газар байсныг илтгэх, үелж тогтсон өвөрмөц бүтэцтэй газрыг Өөш шахлаг хэмээнэ.
Унаган байгалийн үзэсгэлэнт төрх, ан амьтан, ургамлын эко системийн зохицол бүрдсэн, жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг энэ газраас үлэг гүрвэлийн яс, чулуужсан амьтан, дун, загасны хайрс зэрэг палеонтологийн олдвор их олддог байна.
Өөш шахлаг, Мээм толгойн хооронд Шар хөвийн хоолой гэх газарт “Илжгэн чихт хааны хэрэм” хэмээх дурсгал бий. Энэ нь бэхлэлт болгон босгосон 10 гаруй км урт шавар чулуун хэрмийн үлдэгдэл юм. Домогт, “Илжиг шиг урт чихтэй, ууртай хэрцгий хаан байжээ. Урт чихнээсээ ихээхэн ичдэг учир үсээ урт ургуулж, нуудаг байв. Үсээ засуулаад тэр үсчингээ тэр дор нь цаазалдаг байжээ. Гэтэл нэг арга зальтай үсчин цаазаас мултарч, хааны нууцыг олонд түгээжээ” хэмээн домогт өгүүлсэн байдаг.
Энэ хэрэм нь нимгэн хар хүрмэн чулуугаар барьсан учраас барилга архитектурын дурсгалд ангилагддаг. Өөш шахлаг ууланд Монгол Улсын улаан номд орсон аргаль, янгир, хар сүүлт, мануул, үнэг, хярс, дорго зэрэг ан амьтан бий.
Одоогоор энэхүү үзэсгэлэнт газарт тогтмол үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз байхгүй тул малчид түрээсийн гэрээр үйлчилдэг ажээ.