Этиопын гүйгч Тамират Тола Олимпын дээд амжилтыг шинэчиллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-08-11 12:36:45

ПАРИС, 2024 оны наймдугаар сарын 11 /AFP/. Бямба гарагт болсон “Парис-2024” наадмын эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд Этиопын тамирчин Тамират Тола түрүүлж, Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. 


2022 оны дэлхийн аварга Т.Тола 2 цаг 6 минут 26 секундэд барианд орсноор алтан медалийн эзэн болжээ. Харин Токиогийн Олимпын хүрэл медальт Бельгийн Башир Абди түүнээс 21 секундийн дараа барианд орж мөнгөн медаль хүртсэн бол Кенийн Бенсон Кипруто эх орондоо хүрэл медаль авчирлаа.  


“Өнөөдөр би маш их баяртай байна. 2022 онд дэлхийн аварга болж байсан бол одоо Олимпын аварга цол хүртлээ. Энэ бол миний амьдралын хамгийн сайхан өдөр. Олимпоос алтан медаль хүртэх зорилгодоо хүрч чадлаа” гэж өдгөө 32 настай Т.Тола сэтгэгдлээ хуваалцжээ.


Харин 2016 оны Риогийн Олимп, 2021 оны Токиогийн Олимпын алтан медальт, дэлхийн дээд амжилтын эзэн асан, 39 настай Кени улсын тамирчин Кипчоге уралдааныг дундаас нь орхисон байна. Тэрбээр тэмцээний дараа ярилцлага өгөх үеэрээ дахин Олимпод оролцохгүй хэмээн ярьжээ.

Холбоотой мэдээ