“Сэлэнгэ-2024’’ хээрийн сургууль өнөөдрөөс эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
b.tuul@montsame.gov.mn
2024-08-19 16:34:16

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ’’ байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль өнөөдрөөс эхэллээ.


Сургуулийн нээлтэд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Агаарын цэргийн командлалын штабын дарга хурандаа Б.Энхзоргол, ОХУ-ын Зэвсэгт хүчний Дорнод цэргийн тойргийн командлагчийн орлогч дарга хурандаа Тараев И.С тэргүүтэй хүндэт зочид, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, алба хаагчид оролцов.


Энэ удаагийн сургууль Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвийг түшиглэн энэ сарын 18-26-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар явагдана. Тус хээрийн сургуульд хоёр орны нийт 600 гаруй цэргийн алба хаагч 120 нэгж техниктэйгээр оролцож байна. Сургуулийн удирдагчаар Монголын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буяндэлгэр, Оросын талаас тус улсын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа М.М.Никитин нар томилогдсон байна.


Уг хээрийн сургууль Батлан хамгаалах яамд хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу 2008 онд “Дархан”, 2011 оноос “Сэлэнгэ” нэртэйгээр хоёр улсын нутагт ээлжлэн жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн юм.




 

 

 

Холбоотой мэдээ