Завханыхан түлээ, нүүрсний гачаалаас гарах цаг айсуй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-13 13:46:10

Завхан аймагт хийгдэж буй нүүрсний тандалт амжилттай хийгджээ.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Завхан аймгийн нүүрсний хэрэгцээг бүрэн хангах зорилгоор геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэх талаар хэд хэдэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой тусгаад 10 гаруй жил болжээ. Энэ нь өнөөг хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй байв. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Завхан аймгийн нутаг дэвсгэрт нүүрсний тандан судалгаа, хайгуулын ажил хийгдэж Дөрвөлжин сумын Сэвстэй, Түдэвтэй сумын Булуу цагаан зэрэг газарт болон Эрдэнэхайрхан, Нөмрөг, Тэлмэн сумдын нутагт нүүрсний арваад орд, илэрц байгааг тогтоожээ. Энэхүү тогтоогоод байгаа нүүрсийг ашиглах олборлох ажил үлдээд буй юм.

Дашрамд Завхан аймаг 250 орчим км холоос нүүрс тээвэрлэн хэрэгцээгээ хангадаг. Тиймээс Төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгж, айл өрхүүд өвлийг давахын тулд их хэмжээний мөнгийг зөвхөн тээвэрлэлтийн зардалд төлдөг. Тухайлбал аймгийн хэмжээгээр арав гаруй тэрбум төгрөгийг түлээ, нүүрсэнд зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Мөн говийн сумдад шаваг, тэсэг зэрэг модлог ургамлыг түүж түлшинд ашиглахыг хориглосон. Энэ нь нүүрс түлээний өртөгийг улам бүр нэмэгдүүлж алслагдсан говийн сумдынханд хүндээр тусдаг байна.  

Б.Мягмарсүрэн/Завхан/

Холбоотой мэдээ