Бага ангийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Бага ангийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийг энэ хичээлийн жилээс шинэчилнэ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бага ангийн сурах бичиг нь сурагчдын сонирхол татахуйц интерактив, цахим байхаас гадна хүүхдийн өсөлт хөгжилтөд нийцсэн агуулгатай, хөнгөн байх аж. Шинэчилсэн сургалтын хөтөлбөр, сурах бичгийнхээ тохирцыг энэ жилдээ ажиглаж, үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр ирэх жил улс орон даяар сургалтад нэвтрүүлнэ.
Одоогийн байдлаар “Унших бичиг” номыг сэргээж буй. Учир нь, “PISA”-гийн шалгалтаар монгол хүүхдүүд уншсанаа ойлгох, ойлгосноо илэрхийлэх, цаашлаад ургуулан хөгжүүлэх чадвар сул байгаа нь тодорхой болсон. Тиймээс уншихуйн үндсийг тавих нь бага сургуулийн сургалтын гол зорилгын нэг байх болно.
Минутаар дуржигнатал уншихаас илүүтэйгээр ойлгож унших, гүйлгэн унших, цойлдон унших, багцалж ойлгох зэрэг сэтгэхүйн шат дамжлагыг эзэмшүүлнэ. Түүнчлэн хүүхдийг алдаж бичсэн тохиолдолд дахин бичүүлэх гэхээсээ илүүтэй баллуурдах "эрхийг" олгож, харандаагаар бичдэг болох зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн гэж Боловсролын яамнаас мэдээллээ.