Нарангийн энгэрийн хогийн цэгт хий шатаах байгууламж барих төслийн талаар хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-10 14:41:30

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар хог хаягдлыг дахин боловсруулах, хогийн цэгээс ялгарах метан хийг бууруулах тухай хэлэлцлээ. Тодруулбал, нийслэлд одоогоор төвлөрсөн хогийн цэг гурав бий. Хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгадаг. Тиймээс хог хаягдлыг булж устгах аргаас илүү дэвшилтэт технологи ашиглан устгах, хий шатаах байгууламж барих төслийн тухай ярилцав.  



БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон “Хог хаягдлыг булж устгах, шатаах аргыг түгээмэл ашигладаг. Булж устгах арга нь метан хийг их ялгаруулдаг нь уур амьсгалд сөргөөр нөлөөлж байна. Бид эсрэгээрээ гарч буй метан хийг шатааснаар хүлэмжийн хийг багасгана гэж үзэж байгаа” хэмээлээ.


Л.Хосбаяр хог хаягдлыг боловсруулах нь хотын менежмент, байгаль орчныг хамгаалах чухал хэсэг гэдгийг онцлоод энэ чиглэлээр гадаад улсын сайн туршлагаас судлах, хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн юм.


Хий шатаах байгууламжийн төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцэж буй Нарангийн энгэрийн хогийн цэгийг 2009 онд Японы компанийн санхүүжилтээр байгуулсан нь шүүрсэн ус цэвэрлэх системгүй, мембран хучилгагүй юм. Энд голдуу Багануур, Багахангай, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргээс хог хүлээн авдаг. Хоногт ирж буй хогийн дундаж хэмжээ 2348 тонн байгаа нь нийслэлд үүсэж буй хог хаягдлын 62 орчим хувийг эзэлж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.

 

Холбоотой мэдээ